Saturday, December 6, 2014

Охины минь 3-н насны Төрсөн Өдрийн Баяр

        Гурван нас хүрч байгаа эмэгтэй хүн (Хүүхэд) олон хүнээс олон олон бэлэг авахаараа яасан их баярладагийг Тэнгис найзынхаа охин Маргадынхаа төрсөн өдрийн баяраар нь хараад охиныхоо төрсөн өдрөөр нь  хүн бүр өөр өөрсдөө тус тусынхаа бэлгийг бэлдэж өгье гэж шийдээд 5-н нас хүрсэн ч хүрээгүй байгаа агаагаар нь хүртэл бэлэг сонгууллаа. Тэр маш их баяртай бйасан. Бэлэгээр дүүрэн гэртэй болсон. Хэ хэ. Бараг сүүлийн 3-н сарын турш "Ааваа ээжээ удахгүй миний төрсөн өдөр болно тэ?" гэж ярьсаар  12-р сарын 04-ний өдөр сая нэг тохиож магнай тэнийн баярлах энэ сайхан мөчид эжий аав 2-оос нь илүүтэйгээр эмээ өвөө нар нь баярлан догдлох юм. 

         Ангийнх нь найз нарыг баярлуулахаар торт, жүүс, печенье аваад ээж аав 2 нь ангид нь очоод бүтэн цагийг хамтдаа өнгөрөөлөө. Дөнгөж сэрсэн нойрмог жаалууд, ихэнх нь 2 нас гарантангууд тортонд хамаг анхаарал нь явж шүлэг уншиж дуу дуулах 2хон хүүхэд л байв. Ангийнхаа найз нартайгаа торт хувааж идэх, тэднээр алга ташуулан баярын мэндчилгээ авах зэрэг нь түүний хувьд нэгэн шинэ Сюрприз байсан юм. Ангид нь агааг нь дуудаж авчраад хамтад нь байлгалаа. Тэр маш сэтгэл хангалуун байсан. Цэцэрлэг дээрхи үйл ажиллагаа дуусаад явахаар болж хувцсаа өмсөж байх зуураа ээж хүү 2 хоорондоо Үжинд өгөх бэлэгнийх нь тухай шивэр авир хийж байхдаа надад ам алдав. Хэ хэ. Гэтэл Хүсэлээ аавынхаа чихэнд дахин шивнэснээ дахин чангаар бөгж гэж төрсөн өдөртөнд ам алдахад сонсоогүй дүр исгэн жуумалзах түүний төрх надад  эртний болж байсан явдал шиг санагдлаа.

         Гэртээ ирцгээж гялс гэр орноо цэвэрлэж янзлаад салат хоолнуудаа хийцгээж зочдоо угтаж авцгаана. Эхний зочид нь ирээд тусалцгаана. Гэрлээ унтраалаа шүү, лаагаа үлээх болоогүй юм уу даа? гээд л дахин дахин асууна. Хүмүүс нэг хоёроороо нэмэгдсээр олуулаа болж лаагаа үлээхээр болж гэрлээ унтраалаа. Охины минь догдлох зүрх хурдан хурдан цохилсоор төрсөн өдрийн дуу эгшиглүүлэхэд бүүр догдолсоор мойл хар нүд нь лааны гэрэлт гялтаганана. Агаа нь дүүгээ хажуунаас нь: "Чи өөрөө дуулахгүй, харин нүдээ аниад хүслээ бодооч" гэж хэлэхэд нь булбарайхан 2 гарынхаа алгыг хооронд нь хавсарч хүслээ шивнэн лаагаа гурвантаа үлээж унтраалаа. Гурван насны ойгоороо үзсэн харсан нь багагүй ч, сурсан мэдсэн нь чамалахаар ч юм шиг...За за балайраад ямар оюутан охины тухай бичиж байгаа бишдээ, сурсан мэдсэн ч гэг шиг, үзсэн харсан ч гэг шиг.

         Тэгээд хүмүүс бэлэгээ өгцгөөж охиныг минь баярлуулна. Бэлэгнүүдээ цуглуулаад эхнээс нь задална. Бэлэгнүүдийн дундаас хамгийн онцгой нь нисдэг *н и  с  д   э    г* өөрөө нисдэг дагина байлаа. Огоогийнх нь өгсөн нисдэг дагиныг хүн бүр гайхан алмайрч, нисээд дээшлэх бүрт нь хүн болгон инээлдэж баярлан хөөрөлдөж нутгийн бөх нь улсад түрүүлж байгаа мэт сэтгэгдэл төрүүллээ. Би нисгэе, би нисгэе гэж найз нарын хүүхдүүд булаацалдаж бүгд л шохойрхно. Мэдрэмжтэй эмээ Огоогийнх нь өгсөн бэлэг хүүхэд насанд минь намайг буцаагаад аваачих шиг л боллоо. Тээр нэг жил удирдлагаар ажилладаг танк, дүүд минь харин яг ийм гүнж гэхдээ суурин дээрээ эргэлддэгийг оросоос аав ээж 2 минь авчираад баяр баярын оргил цэгт хүргэж бараг л шөнө тэвэрч хонодог, шөнө болж унтахдаа дургүй хүрч, хурдан маргааш болоосой, танкаараа тоглохыг л тэсэн ядан хүлээдэг байсан тэр л мөчүүд тэрхэн зуур нүдний өмнүүр 256Х хурдаар зурагтны хальс гүйлгээд өнгөрөх шиг боллоо. Эмээ өвөө 2-ынх нь өгсөн LEGO-г ээж Үжин 2 нэг баг, Хүсэлээ бид 2 нэг баг болоод уралдаж эвлүүлэхэд Ээж охин 2-ын баг түрүүлэв. Аав хүү 2 нь за яахав төрсөн өдөр нь болж байгаа юм чинь энэ удаад албаар удаан эвлүүлсэн нь тэр. Бид 4 орой 12 цаг хүртэл тоглов. Хүсэлээ дүүдээ өгөх бөгжөө эмээ өвөө 2-оороо авчруулаад бэлэгээ өгөх үедээ өвдөг дээрээ сөхөрч өгөхийг хэн ч төсөөлөөгүй байсан юм. Нэр хийтэл инээлдэж хайртай бүсгүйгээ гуйж байгаа мэт бэлэгэхийм гэж санасангүй. Хайртай л юм чинь яадгийм ухааны юм яриад явлаа. Эгдүүтэй гэдэг нь энэ л байх даа.

        Үеийн найзуудыг нь аав нь цуглуулж нэг ширээнд тойруулан суулгаад баримлын шавраар бүтээл хийж тоглоцгоов. Энэ хооронд ээж нь Bestie нартайгаа шинэ жилээ хэрхэн тэмдэглэхээ ярилдаад амжлаа. Агаарын цаасан салют буудуулж бүх хоол унд, салат тортоо гялгар саагаар бүрснийг эс тооцвол хайрын минь хийсэн хоолны амттайг нь яана. Орой унтсаныг ч хэлэх үү, Үжин маргааш өглөө нь Төрсөн өдрийн Пянгаа дийлэхгүй гэдэг шиг, гэж ээж нь шоолно. Тэр босох байтугай сэрээчгүй хаха. Хувцсыг нь унтаагаар нь өмсүүлж, унтаагаар нь цэцэрлэгт нь хүргэж өглөө. Дурсамжтай энэ өдөр бол охины минь Гурван насны төрсөн өдрийн баяр юм. 

         Чи минь энэ хорвоод мэндлээд 3-н жилийг ардаа орхижээ. Хүн болох гэж яваа амьтан юм шүү дээ гэж бодохоор жижигхээн хөөрхөн юм үзэгдээд өрөвдөөд байх юм. Гэвч хааяаадаа хүнтэй хамт бугын мах идэж буй Бөртэ Чоно мэт араатны дүр төрхийг харахлээр өрөвдмөөргүй ч юм шиг. Заа заа тоголсын. Чи минь юу гэж араатан шиг байхав дээ. Гуа Марал минь, Нандин-Эрдэнэ минь чи минь биднийхээ Гүнжхэн минь шүү дээ. 

         Алдрай бяцхан үр минь, өхөөрдөм энхрий чи минь эрдэм номтой сайн хүн болоорой, урт насалж удаан жаргаарай!

















Америк Витамин

          Охиныхоо төрсөн өдрөөр нь 4 Seasons Америк барааны дэлгүүрээс Америк витамин авч өглөө.  Цэцэрлэгээс нь өнөөдөр Пали 2хүүхдийг минь авсан юм. Тэгээд орой ээж нь Хүсэлээ агаагийнх шүдийг эмчлүүлэхээр эмнэлэг рүү аваад явсан болохоор Үжин бүсгүй намайг машинаа тавьчаад ороход мэлмэртлээ уйлсаар угтлаа. Наана цаана тонгочиж элдэв зүйлсээр оролдож, аавынхаа тайвшруулалтанд уйлахаа больж санаа нь амарсаар давралтын горимд шилжив. Тэд их даврамтгай. Анхаарах тоолонд, нэхсэн болгонд нь хариулах тоолонд, уйлахад нь аргадах тоолонд давшин довтлох давралтыг бид яагаад ч зогсоож дийлэхгүй бололтой. Энэ бол хүүхдийн хүмүүжилтэй холбоотой том асуудал. Бид заримдаа тэвчээр алдагдаж бухимдан уурлах үе бишгүйдээ л гардаг. Харин өнөөдөр бид 2 их өөр байхыг хичээлээ.Би хоолоо хийх зуур түүнийг өөр өрөөнд юу хийж байгаа бол гэж бодоод ортол тэр Barbie-тай тавилга, сав суулгаараа тоглож байлаа. Удалгүй орж ирээд: "Ааваа би ус ууъя" гэхээр ус аяганд хийж өгтөл тэр бага байна гэж голлоо. Дахин нэмэхэд бага байна гэхээр нь ахиад л хийж өглөө. Би түүнийг зөвхөн ус уух биш өөр зүйлд бас усаа ашиглах гэж байгааг мэдсэн ч хүссэнээр усыг нь өгөөд явууллаа. Удалгүй тэр над дээр ирээд: "Ааваа миний цамц норчихсон" гэхэд нь, "Яагаад? Хэн норгочихов?" гэхэд, "Цамц өөрөө норчихсон" гэж хошуугаа унжуулахад нь, би түүнийг Barbie-ны аяга тавагны комондоо ус хийж тоглож байхдаа цамцаа норгосныг нь мэдэж байсан ч гэсэн, "Аан за яадаг цамц вэ!" л гээд өнгөрлөө.

          Тэр надад: "Ааваа надаа гоё юм өгөөч дээ" гээд л хэлээд л байлаа. Аав нь гэртээ орж ирэхдээ уут С витамин авчираад өгснийгөө сая санаж: "Аавынхаа авчирсан витаминыг аваад ир аав нь задлаад өгье" гэхэд тэр ягаан аяга авчирч өгсөнд гайхаж аяга руу харахад, дотор нь витамины бяцхан цагаан голнууд усанд уусч хайлмагтсан байв. "Чи арай бүх витаминээ нэг дор идчихсэн юм биш биз дээ?" гэж асуухад, тэр юу ч хариулаагүй. Хэсэг байж байснаа: "Ааваа надаа аймар гоё юм өгөөч дээ" гэхэд нь, "Би чамд аймар гоё юу өгөх билээ дээ?" гэсэн миний ёжтой асуултанд тэр түгдрэн ээрч мууран байж, "Ааан, аан нөгөө юу, нөгөө печенье өгөөч дээ" гэлээ. "Аав нь охиндоо удахгүй болох хоолоо идсэний чинь дараа гоё юм өгье за" гэхэд тэр, "Үгүй ээ, одоо өг л дөө" л гээд байлаа. Аав нь зальтай царай гаргаад нүдээ том жижиг болгоод л, "Нааш ир дээ, би чамд америк витамин өгье" хэмээн гарт нь хайрцагтай нь бариулаад усан эмнүүдийг нь өглөө. Өнгө өнгө алагласан, резинэн гэж янзын, ядаж байхад жимсний үнэр ханхалсан тэр сайхан амьтдыг авлаж авах гэж буй үнэг мэт, тогооноос гаргаж буй шинэхэн чанасан Дундговийн намрын хонины дал дөрвөн өндөр мэт түүнд харагдаж, дэлхийг захирах гэж шунан зурсан газрын зурагаа харж буй Гитлерын нүд шиг харцаар хуруун чинээ Америк витаминуудыг бүгдийг нь өөрийн болгож аз жаргалын дээдийг эдлэх завшаан энэ яваа насанд нь ахиж хэзээ ч олдохгүй мэт шуналын харцаар аль хэдийнээ гартаа талыг нь, ходоодондоо талыг нь хийгээд авлаа. Хамгийн сүүлд нь аль өнгөтэйг нь авахыг түүнээс асууж, нүдний хар цагаан 2 нь тасралтгүй үргэлжлэх өнгө өнгийн чихэр болон хувирсан байсныг буцаатал, гулжиганах бие, унжийх уруул, зангирах хөмсөг, янгинах аяз, өрвийх үс (3мм) зэрэг нь атгаастай байсан Америк витаминыг чадахаараа улам чанга атгаж, дахин эдлэхээргүй энэ сайхан боломжийг ухаалаг бус аргаар хурдхан эдлэх атгаг санаа өвөрлөсөн өлөн чоно  мэт, сагсан дотор хэвтэж буй 10 туулай руу дайрах ичих булчирхайгүй түүний дүрийг  генидээ 13-н үеэрээ  өв залгамжлан ирсэн буурал боохой мэт төрх агуулан чичирнэ. Энэ бол аймшигтай. Эрхийн балай, бэрхийн далай мэт. Уран зохиолын хэтрүүлгийн аргыг хэрэглэж байгаа нь охин минь чамайг хүүхдүүдээ сайн хүмүүжүүлээсэй гэсэндээ юм шүү. Сайн хүмүүжүүлэхгүй бол ийм аймшигтай байдаг юм шүү гэж сануулах гээд л хаха. 

          Би уурлаагүй, гомдоогүй, загнаагүй, өөдөөс нь чичрээгүй, чичирхийлээгүй харин аргадсан. Аав нь хөөрхий дахиад л нүд амаа жижиг том болгож эргэлдүүлээд л түүнд: "Өдөрт нэг л удаа уудаг юм шүү дээ" гэж тайлбарлах гэж оролдоод аль өнгөтэйг нь авах вэ, гэтэл улааныг нь гэлээ. Бусдыг нь далд хийхээр босоход, "Ааваа би өөрөө авчихая, надаа өгөөч дээ" гэлээ. "За яахав чи сайн хадгалаарай" гэж хэлээд тагыг нь сайтар таглаад өглөө. Баяр хөөрийн мишээл тодруулан том өрөө рүү дэгдэн дэгдэн, дээр дээр үсрэн үсрэн алга болоход аав нь дотроо, "Онгойлгохыг нь харнаа" гэж хэлэв. Удалгүй охины гонгинох чимээ чихийг минь өөртөө татна. "Онгойхгүй байна шдээ" гэсэн 3хан үгийг 16 үг хэлж байгаа мэт, уртын дууны дугуйлангийн онц сурлагатан мэт гонгиноно. Латин Америк бүжгийн хэдэн хөдөлгөөн сурах гэж оролдовч эвсэлгүй данжаад шиг гулжиган хөдөлж 100саяын өрөө нэхэж буй хужаа шиг аашлан над руу дайрна. Нэг харахад ярвайсан зоомби шиг. (Хаа хаа за ахиж эрхлээд байвал чинь энэнээс аймраар бичнэ шүү, яг үнэнээр нь хи хи). Дайрсаар, давшилсаар, довтолсоор намайг дахиж нэг ширхэг өөр өнгийн витамин түүнээр сонгуулахад хүргэлээ. Тэр ногооныг сонгосон. Би харин дайнд ялагдлын ногоон тугаа мандуулсаар хийж буй хоолоо амталахаар явлаа. 

         Шидэт дагинаа нисгэе гэж хэлээд хөргөгчин дээр витаминаа үлдээчээд түүний анхаарлыг агаарт нисэж буй гайхал руу төвлөрүүлэхэд харцны 100% нь нисэж буй шидэт дагина дээр, анхаарлын 75,8% нь харин Америк амьтан дээр, амталгааны 100%-ийн сэтгэл ханамжаар дахин мэдрэх хүслийг анхаарлын өндөр хувьтайгаар бадрааж өөрөө нисгэгчийг шалан дээр унагалаа. Шидэт дагины сайхан бие хаа, хөл гар, далавч, бэлхүүсээрээ эргэлдэн нисэхийг нь хүртэл магтан сайшааж, хэн бэлэглэснийг нь хүртэл лавлан сануулж анхаарлыг булзайруулахад цасан дотроос  хулгана олж идэх үнэг мэт сачий гаргалаа. Тэрхэн зуур үсний шинэ хусалтын тухай яриа охин бид 2-ын дунд өрнөж АМЕРИК бүтээгдэхүүнийг 5мин өөрсдөөсөө холдууллаа.

       Үргэлжлэл бий...


















Monday, October 6, 2014

Битгий хов зөөгөөд бай!

             Хоорондоо юм булаацалдчаад агаадаа гарнаасаа базуулчаад охин над дээр ирээд: "Ааваа Өнөхүсэл намайг базсан" гэхэд нь, "Битгий хов зөөгөөд бай"гэж хэлээ. Тэр дахиад "Ааваа Өнөхүсэл намайг базсан" гэхэд нь, ахиад нөгөөхөө хэллээ. Агаа дээрээ очоод би чамайд аавдаа хэлчихсэн юм чинь гэхэд нь агаа нь инээснээ тэгээд юу гэж байна гэж асуухад нь охин маань юу ч мэдэхгүй, "Битгий хов зөөгөөд бай"гэж байна шүү за юу гэж хэлээд миний элэгийг хөштөл инээлгэлээ ха ха ха.

Хаалга хэн нээх вэ?

         Ажилдаа явчаад орой ажилаасаа яаран гүйж гэртээ ирээд хаалгаа тогштол хаалганы цаанаас "Хэн бэ?" гэх дуу хоолой манай хаалгнаас лав гардаггүй юм. "Би онгойлгоноо, үгүй ээ би өөрөө онгойлгоно" гэсэн чимээ л гардаг. Өнөөдөр би ажилаасаа жаахан орой тарсан болохоор Палбигомбо дүү маань 2 хүүхдийг албанаас нь авсан байлаа. Дэлгүүр орж талх, илэгний нухаш, үрсийн маань амтархан идэх дуртай коровка печенье, миний гэр бүл нэртэй соруултай жүүс авчаад "Би онгойлно шүү дээ" гэсэн шулганалдах чимээг сонсохоор яаран яаран гүйж ирээд хаалгаа тогштол   "Би би, би өөрөө онгойлгоно шүү, Үгүй би өөрөө" гэцгээсээр хаалга нэг онгойход, UBS телевизийн To be or Not to be шоу нэвтрүүлгийн "Инээсэн", "Уйлсан" гэдэг шиг 2 өөр төрлийн маск угтна. Энэ удаад Үжин инээж, Хүсэлээ уйлсан байв. За би хаалгаар буцаж гараад ахиж нэгэнтээ хаалгаа тогшиж уйлсан нэг маскыг инээлгэнэ. Гэхдээ өнөөдөр Үжин мөчөөгөө өгөөгүй гэх нь ч хаашаа юм өгсөн гэхэд ч хаашаа юм надаар дахин хаалга тогшууллаа. Хэдий би ажил ихтэй, ядарч стресстсэн ч хамаагүй та 2-ыгоо инээлгэхийн тулд хэдэн ч удаа хаалга тогшиход аав нь бэлхэн байна. Хаалгаар яаран гүйж орж ирэх аавыгаа хараад магнай дээрхи зөөлөн арьснууд нь тэнийхээрээ нэг болж хайрт үрс минь Чингис хааныг дайнд ялаад ирсийм шиг бөөн баяр болж угтан авнаа. Чингис хаан харин аян дайныхаа олзыг хувааж байгаа юм шиг л авсан юмнуудаа тарааж өгнө дөө. Амьдралдаа хэзээ ч үзэж байгаагүй үүтэн хуар дурданг анх харж байгаам шиг авсан юмсаа хараад хөөрөн баярлалдаж эцгийн сэтгэлд аз жаргал бэлэглэнэ. Хүүхэд ёстой хөөрхөн. Заримдаа мөнгөгүй үе таараад байгаа мөнгөөрөө витамин С авч өгөхөд хүртэл хачин их баярлана гээч. Энэнээс илүү урам гэж хаа ч байхгүй. Авсан печенийхээ 2-ыг нь өгч 2-ыг нь харуулалгүй нууж байгаад маргааш цэцэрлэгт нь ороход нь өгнө гээд хамт байсан уутнаас нь гаргах гэж оролдож байхад гярхай нүдээр харсан хүү ёжтой гэгч нь WHAT ARE YOU DOING MAN? гэдэг байгаа. ХАХА NOTHING MAN. За үдшийн хэмнэл нэг иймэрхүү эхэлнэ. 

         Хачин сайхан ааштай болцгоож, бод идсэн боохой шиг алсаас аавынхаа гэр орноо цэвэрлэн тонгочихыг хараад ааваа: "Би чамд хайртай юм чинь чи энэ печений цаасыг хаячаач" гэж Үжин хэлэв. Надад түүнийг яасан их сэргэлэн ухаан гаргасныг нь гайхан гайхан "ЗА" л гэхээс өөр үг төрсөнгүй, миний хүүхдүүд идсэн уусныхаа дараа хогоо цэвэрлэж сураарай за юу, гэхэд бас "ЗА" л гэцгээдэг. 

           Өнөөдөр харин гэр гийсэн гэргий маань найзынхаа төрсөн өдрийн Партийд очихоор явсан. Би эхнэр лүүгээ над руу залгатал нь ярихгүй гэж бодож байгаа. Найзуудтайгаа хамт цагийг сайхан өнгөрүүлээд ирэх байх. Бид 3 харин үхрийн махтай хурган бантан бантагнаж сууна. Багшаа энэ манай хүүхдийг сайн хооллоорой гэж хоол хийж байсан надад BUGS BUNNY-г үлдээж явахынгаа өмнө, миний хүү хоолоо сайн идээрэй, сайн сууж байгаарай, ээж нь ажилдаа явлаа шүү, багшийнаа үгэнд сайн ороорой гэж хэлээд том өрөө рүү явлаа. Эргэж орж ирээд минй хүүхдийн хөнжил нь энэ байна мартсан байна май багшаа, өө нээрээ май энэ бас хүүхдийн төлбөр байна май, гэчээд явдаг юм байна. Би ч өдөр бүр энэ хүүхдүүдийн өсөж том болох, хэрхэн хурдан бас маш сайнаар суралцаж, хэрхэн хөгжиж байгааг хүүхдүүдээрээ дамжуулж харахдаа хүн төрөлхтнийг гайхан бишрэх юм. Маш хурдан хөгжиж байна, хурдан суралцаж, бас маш хурдан шинэчлэгдэж байгаа энэ эрин үед бид амьдарч байна хүүхдүүд минь. Удахгүй та нарын минь эрин үе тун удахгүй ирэх болно. Бурхан хүнийг гайхалтай бүтээжээ, төгс бүтээж, маш сайн ажиллаж.

          За бантан бэлэн боллоо хүүхдүүдээ явж хоолоо идэцгээе.



Thursday, October 2, 2014

Цэцэрлэгийн тухай

            Цэцэрлэгийн барилга угсралтын ажлууд зогсонги байдалд орсон. Сангийн яаманд энэ жил төсвийн мөнгө тавигдаагүй манай барилга царцсан байгаа. Цэцэрлэг барих гэж байгаа нэрийдлээр 12 давхар орон сууцны барилга барих гэж байгаа юм даа муусайн юмнууд, энд ингэж тийм өндөр барилга бариулж цонхоо хаалгахгүй шүү...

          Хүний төлөвшлийн 90% нь 0-4 насны хооронд байдаг. Хүүхдүүд ээж аав эргэн тойрныхоо хүмүүсийн гаргаж буй үйлдэл, зан авир, зуршил, үг яриа, алхаа гишгээ, сэтгэл хөдлөл, хэрүүл маргаан гээд бүхий л зүйлийг толины тусгал мэт ХУУЛБАРЛАЖ байдаг. Нийгмийн амьтан, нийгмийг бүрдүүлж бий болгож байгаа ХҮН төлөвшлийнхөө насандаа өөрт ноогдсон АЛБАНДАА (Цэцэрлэг, ясли) явахгүй бол сайн нийгэмшиж чадахгүй. Өдөржингөө аавтайгаа хамт ТАКСИнд явдаг хүүхэд ч байна. Өдөржингөө ээжийнхээ ажил дээр өнждөг хүүхэд ч байна. Өдөржингөө аавтайгаа хамт хог түүдэг хүүхэд ч байна. Яагаад? Яагаад хүн амынхаа өсөлтийг нэмэгдүүлье, гавъяат эхчүүдээ одонгоор шагнаад, хүүхдийн мөнгө тараагаад байгаа хэрнээ цэцэрлэгүүдээ хурдан хурдан бариад олон олон хүүхдүүд цэцэрлэггүй байхад чинь санаа тавихгүй байна вэ? Хувийн цэцэрлэгүүд байнаа. 9сарын 1-ээс 5-р сарын 15-н хүртэл 8000$-ын төлбөртэй цэцэрлэг ч байх юм. Төлбөрөө нэмэхгүй бол нарантуул зах дээр бандааш зардаг хүний хүүхэд манай хүүхэдтэй хамт нэг ангид яваад байна, тиймээс танайх төлбөрөө нэм гэж гаргах эцэг эхийн гомдол ч байх юм. Улсын цэцэрлэгүүдийн багш нарын заах арга барил энэ тэр хувийн цэцэрлэгийнхтэй харьцуулахад юугаар ч дутахгүй. Гагцхүү орчин өөр, өнгөлөг сайхан тоглоомууд эрээн мираан өнгө алагласан барилга байна. Нийгмийн анги давхаргын ялгаа, баян ядуугийн хоорондын алгасал, эцэг эхчүүдийн хүүхдүүддээ үзүүлж таниулж буй нөлөөлөл хүүхдүүдээр нь дамжиж харагдана. Өөр өөр амьдралтай, өөр өөр ааш зантай айлын өөр өөр хүүхдүүд цэцэрлэгт явцгааж НИЙГЭМШИЖ байна. Хүүхэд Цэцэрлэгт заавал явах ёстой. Хүүхэд аав ээжтэйгээ мөнхөд амьдрахгүй, ямар ч үед, ямар ч байдалд биеэ авч явах чадвар, ХҮНИЙГ ТАНИХ, сайн муугийн ялгааг мэдэх, юмны наанатай цаанатайг ойлгох гээд Нийгэмшлийг хүүхэд цэцэрлэгээсээ олж авч эндээс л суралцна.

          Хэний хүүхэдтэй хамт нэг ангид суралцуулахгүй байхыг сургалтынх нь төлбөрийг нэмээд шийдчихдэг асуудлыг би л хувьдаа НИЙГМИЙН МАШ БУРУУ эсвэл НИЙГМИЙН ДОГОЛДЛЫН нэг байна гэж ойлгож байна. Олон эцэг эхчүүд хүүхдүүддээ үүрэг хариуцлагыг заахын оронд ЭРХ ЯМБЫГ, амьдралын ухааныг харуулахын оронд хэрхэн эрхлэхийг, эрдэм номд шамдан суралцахыг бус эдээр биеэ чимэхийг өөрсдөө үлгэрлэх нь харамсалтай юм.Мөнгөөр бүх зүйлийг шийдвэрлэнэ гэж боддог, мөнгийг БООСОО болгосон хүмүүсийн ааш аягаас гарах араншин, зуршил үйлдлийг хүүхэд хараад суралцах бус хүний амьдралд ийм хүмүүс таардаг юм шүү гэдгийг эртнээс мэдэх нь зүйтэй. НАРАНТУУЛ зах дээр зарагдаж байгаа хамгийн үнэтэй БАНДААШЫГ 15,000₮-өөр авдаг гэж бодъё. Гэхдээ ИХ ДЭЛГҮҮРТ 35,000₮, хорооллын 1000нэрийн барааны дэлгүүрт 27,000₮ -өөр зарагддаг гэдэг шиг ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫГ айл айлын хүүхдүүд өөр өөр үнээр худалдаж авах юм. Сургуулийн өмнөх насны БОЛОВСРОЛЫГ харин хамгийн чухал гэдгийг хүн бүр мэдээсэй, хүн бүр ухамсарлаасай, хүн бүр анхаарал хандуулаасай. Улс эх орныг цааш авч явах бяцхан үрсийн төлөвшил нь энд л БҮРЭЛДЭНЭ. Монголын ирээдүй шууд холбоотой энэхэн хугацаанд яг одооноос анхаарах ёстой. 

          Миний хүүхдүүд оюунлаг, ухамсартай, амьдралын ухаантай, төлөвшсөн, нийгэмд нөлөөлөхүйц сайн хүмүүс болохын тулд мөн ерөнхий боловсрол цаашлаад дээд боловсрол эзэмшихэд суурь нь хөрсөндөө сайн тавигдах учиртай. Тиймээс миний эрдэнэүүд минь сайн суралцаарай, багш нартайгаа сайн харилцаатай байгаарай, мэдэхгүй чадахгүй зүйлсээ багшаасаа маш сайн асууж байгарай, мэдлэгийг мэдэх хүртэлээ шургуу хөдөлмөрлөөрэй, ангийнхаа найзуудтайгаа сайн тоглоорой, сайн амарч байгаарай, хоолоо сайн идэж байгаарай, сайн унтаж байгаарай, хүний сайнтай нөхөрлөж, хүний мууд нь зааж сургаж байгаарай, сайн нөхөр байгаарай, хүн шиг хүн байгаарай.

               Сангийн яаманд цэцэрлэгийн барилгуудын төсөвууд бүгд батлагдсан, тиймээс яаралтай шаардлагатай байгаа цэцэрлэгүүдийг хурдан ашиглалтанд оруулж хүүхдүүдийг ЦЭЦЭРЛЭГТ НЬ АЛБАНД НЬ ЯВУУЛ!!!




Цэцэрлэгээ солив

           Хүү охин 2 маань БИЛГҮҮН-УНДАРГА гэдэг нэртэй хувийн цэцэрлэгт яваад 2жил болж байна. Анх улсын цэцэрлэгт өгөх гэтэл орон тоо нь гүйцчихсэн учираас аваагүй бас эргэн тойрны найз нөхдийн хүүхдүүд энэ тэр хүчтэй өвдөж бариад байхаар нь гэртэйгээ ойрхон цөөн хүүхэдтэй, хоол сайн энэ тэр гээд энэ цэцэрлэгтээ үнэхээр дасчихжээ бүгдээрээ. Яг энэ өдрүүдэд Монгол улсыг маань Эдийн Засгийн хямрал бүрхээд байгаа билээ. Гадны хөрөнгө оруулалтууд зогсож, Оюу Толгой зогсож, гадны уул уурхайн компаниуд модоо барьж, орон сууцны борлуулалт буурч, автобусны зорчих тасалбар 500₮, өргөн хэрэглээний барааны үнэ өсч нүүрсээ БНХАУ руу гуйж гуйж арай гэж нэг юм тал үнээрээ өгөхөөр тохиролцож өрөндөө өгсөөр, САМУРАЙ, ЧИНГИС зэрэг боондуудын эргэн төлөлт нэхэгдэж, Монгол улсын иргэн бүр 6500USD-ын өртэй болоод байгаа энэ үед хүмүүс Чингисий талбайд хүртэл жагсаал эхлүүлж байхад манай гэр бүл та 2-ыгоо яалтчгүй улсын цэцэрлэгт өгөхөөр шийдлээ. Анхнаасаа та 2т одоо хүүхдүүл минь өөр шинэ цэцэрлэгт явахаар болсон шүү, одоо та 2 минь ардын хүүхдүүдтэй хамт ардын цэцэрлэгт явна гэсэн чинь юун ард мард юм бол доо гэж мэдэхгүй учираас за ааваа л гээд баяртай нэг л гоё юманд явах гэж байгаа аятай бодоцгоож эртнээс сэтгэл санааг зассан билээ. Хамгийн сүүлийн өдөр нь цэцэрлэгт явах бүрд нэг нэгээр нь өгдөг ХАРИБО резинэн чихэрийг ууттай нь өгөөд ангийнхандаа сүүлчийн өдөр гэдэгээ хэлээд чихэрнээсээ өгөөрэй бас салах ёс гүйцэтгээрэй гэж хэлээд орууллаа. Орой ээж нь цэцэрлэгээс нь авахад нь багш нар нь гаргаж өгсөн байна. Манай ганц авъяастныг  аваад явчлаа даа гэж харамсана. 
            Ааваа манай шинэ цэцэрлэгт Мөнх-Оргил байдгийм уу гэж охин минь асуухад бид нар савж унаталаа инээлээ. 2нас 9 сартай охины минь шохоорхдог бас нэг 2 настай хархүү. Дассан байсан найз нөхөд, ангийн хайртай багш нараас нь салгаад өөр цэцэрлэгт явуулах гэж байгаадаа аав ээж 2 нь үнэхээр их харамсаж байлаа ч санасныг бодоход улсын цэцэрлэг 2 үрд маань таалагдаж байгаад маш их баяртай байна. Ааваа манай цэцэрлэг гоё байгаа шүү гэцгээлээ. Өнөө өглөө аав ээж 2 хүүхдүүдээ хамт хүргэж өгөөд багш нарын баяр болж байгаа болохоор багш нарт нь найруулж уудаг солонгос цай, UK-ээс оруулж ирсэн даашинзны бүс тэргүүтнийг бэлэг болгон барингаа, хичээлийн хэрэгсэл, ариун цэврийг хэрэгслүүдийн цуглуулгыг аваачиж өглөө. Багш нарын баяр болж байгаа учираас өнөөдөр өдөр 12-13цагын хооронд тарахаар нь өвөө нь авахаар тохирсон байгаа. Удахгүй 3 нас хүрэх охиныг маань заавал оноороо болдог юмаа хүү минь гэсээр байгаад захирал нь нялзрай 2 настангуудын ангид оруулчихлаа. Дунд ангиуд нь дүүрсэн байгаа гэнээ. Охиноо ангид нь оруулах тэр л үед ямар сэтгэл хангалуун байдаг гээч. Ишиг хурганууд майлалдан байх үед "Ааваа сайн яваарай, орой намайг заавал аваарай, орой уулзая, болгоомжтой яваарай, хайртай шүү, тэврэе, үнсье" гээд үнсээд хүзүүгээр нэг тас тэвэрчээд аавынхаа өгөх ганц чихэрийг бариад гүйгээд орно. Харин бид 2ын энэ үйлдлийг зарим эцэг эхчүүд атаарханхан, өхөөрдөнхөн харцаар харан зогсоно. Охиноо яаж ийж байгаад дунд ангид оруулчихмаар л байгаа юм даа. Эсвэл агаагийнх нь ангид оруулахгүй бол ишиг хургануудтай хамт байсаар бүтэн 1жил гарангийн хугацаанд цаг хугацааг арагш ухраах гээд байгаа юм шиг санагдаад огт болохгүй юм. 7:30 цагаас цэцэрлэг нь нээгдэж ангидаа орцгооно. Харин өнөөдөр багш нь 12мин хоцорч ирлээ. Тэр хооронд охинтойгоо хамт ярилцаж байх зуураа асуулаа, хүүе танай ангийн нөгөө хөөрхөн банди чинь хэн билээ гэсэн чинь мартчихаж хаха. Баахан нэрнүүд хэлсэн чинь мэдэхгүй ээ ааваа би мартсан байна гэлээ. Ээжээс нь утсаар асуухад Мөнх-Оргил гэж байна шдээ гэсэн чинь нээрээ тийн шдээ гэдэг байгаа. Ээдээ энэ хүүхдүүд үү! хэхэ 

         Охин маань БАНАНы зураг авлаа, Хүсэлээ минь ЛИЙРний зураг авлаа. Охин харин ангидаа орохдоо миний шкаф амттай бананы зурагтай гээд л дасан зохицох, хөрвөх чадвар сайтайд нь баярлаж л байлаа. Гэргий хайрт хань бид 2-ын ажил орой 5:20с наашгүй учир 4:30цагаас ГҮРСОРОНЗОНПАЛБИЙГОМБОПҮРЭВДОРЖОТГОН-ЭРДЭНЭ буюу Паалий агаа нь авч байгаа. Ардын хүүхдүүдтэй хамт ардын цэцэрлэгт явж эхэлж буй 2 үрс минь нэг иймэрхүү эхлэлтэй байна. 


Sunday, September 14, 2014

өвөөгийн 50 насны ой

           Энхбаатар өвөөгийнхөө 50-н насны ойгоор хамаатан саднууд нь нийлж байгаад ач зээ нараа буурай өвөө эмээ 2-ыгоо аваад явцгаалаа. Багануур руу явцгааж 1 хононо гэсэн боловч чимээ аниргүй 2 хонолоо, бүгдийнх нь утас холбогдохгүй. Яасан юм бол мэдэхгүй. 

             Өвөөгийнхөө төрсөн өдрөөр нь өөрийнх нь төрсөн өдрийн баяр болж байгаа юм шиг л 2 талд нь сууж байгаад л дуугаа дуулж өгч, хамтдаа үлээж лааг нь унтраалаа. Огт хоол идэхгүй хөөрөн гүйж, наагуур цаагуур анхаарлын төвд байх гэж хичээнэ, тэр бол Үжин. Хүмүүс аая аая гээд л, харин тэр айлгүйтэж нүүрээ хана руу харуулж инээнэ, ня ня ня. Өвөөгөө хаалгаар орж ирэхэд нь өвөө төрсөн өдрийн мэнд хүргэж баярлалдан хөөрөлдлөө. Охин поз аван яг л фото миссийн тэмцээнд оролцож байгаа юм шиг хэдэн янзын байрлалаар зогсож бичлэг хийлгэнэ. Худлаа инээж хи хи хи, хүмүүсийн хайрыг татна, өхөөрдөхөд харцаа шал руу тохируулж юм бодон ичингүйрэн тээнэглзэнэ. Эмээ нь хүүхдүүддээ: Үрс минь нэг мэдэхэд л 50 нас хурдан өнгөрсөн байна. Маш ухаалаг л байдаг юм шүү гэж сургамжилна. Хоол ч идсэнгүй торт ч идсэнгүй хөөрөн хөөрөн л гүйлээ Үжин. 

            Эмээ намайг аваад яваачээ ийн ийн гэж уйлна. Гадаа хүйтэн байна гэхэд дулаан хувцсаа өмсчихнө шүү дээ ийн ийн би эмээ өвөө 2-тойгоо явмаар байна шдээ. Маргааш цэцэрлэгтээ явахгүй шдээ ийн ийн. Чи хужир буланд очоод банхартай хамт гэрээ хараад үлдэнэ шүү за юу гэсэн чинь ийн ийн за за тэгье гэж үү. Хэ хэ хэ

             Хүний амьдрал маш богинохон байдаг юм шүү миний хүү гэж аав минь надад хэлдэг байж билээ. Хүн мөнх амьтай биш би ч тэр аав, ээж, дүү нар чинь бүгд хэзээ нэгэн цагт бүгд энэ дэлхийгээс явна. Тиймээс миний хүү ухаантай юм чинь хичээлээ сайн хийж 2 дүүдээ үлгэр дурайлал үзүүлэх хүн нь чи шүү, одоо чи том болсон юм чинь аав нь чамд итгэж байгаа. Чи бол энэ гэрийн удам угсааг залгамжлах  гал голомтоо авч үлдэх хүү нь учир миний хүү бүх санаачлагыг гартаа ав гэдэг байж билээ. Аав нь тэгэхэд 5-р ангид сурдаг байж билээ. Миний амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүс бол миний аав ээж 2 минь. Аав минь намайг цэцэрлэгт байхад дүү бид 2т өдөр бүр өөр өөр үлгэр уншиж өгдөг байсныг би сайн санаж байна. Бас ааваараа цэцэрлэгт хүргүүлэх ямар гоё байдаг байсан гэж бодож байна. Ээж бохь авч өгөөд нэг нэгээр өгдөг байсан бол аав боодлоор нь өгдөг байж билээ. Хүүхдүүдээ сайн боловсролтой болгохын тулд бүхнээ зориулан байж өндөр төлбөртэй сургуульд оруулж хүний дайтай сураасай гэсэндээ байнга л намайг дэмждэг байж билээ. Бүх хичээл дээрээ онц гарвал чиний хүсээд гуйгаад байгаа ролликийг авч өгнө шүү гэж надад амласныхаа дагуу авч өгч би түүгээр нь байрныхаа хүүхдүүдийн дунд од болж байж билээ. Сансарын 58-р байрны 4-р орцонд байдаг байсан майжга Баатраа найз минь намайг хараад их л атаархаж байсныг би их тод санадаг юм. Сайн хүн болоосой, хүссэн сургуулиа амжилттай төгсөж хүссэн мэргэжлээрээ амжилттай яваасай гэж ээж аав нар хүсдэг. Хүүхдүүдийнхээ хэрхэн амьдарч байгааг хараад ээж аавынх нь санаа нэг амардаг байх. Хүний дайтай амьдрах алтан боломжийг ээж аав 2 минь надад олгосон. Аав минь надад урмын үгийг дандаа л хэлдэг байж билээ. Аав нь чамаараа бахархаж явдаг шүү. Чи бол миний бахархал шүү хүү минь, гэж хэлэх болгонд миний сэтгэлд би аавынхаа урмыг хэзээ ч хугалах эрхгүй шүү гэж боддог байж билээ. Миний хүү ч гэсэн хүүгээ ингэж урамшуулж байгаарай. Хүн урмаар л амьдардаг юм шүү. Аав минь намайг чи минь их азтай хүн шүү гэж хэлдэг байсан. Чи минь их сайхан үед төрсөн, чи минь их сайхан амьдрах ёстой шүү гэдэг байлаа.  Аавынхаа гүйцээж чадаагүй бүхнийг чи минь гүйцээх ёстой шүү гэдэг байхад би жаахан байхдаа ойлгодоггүй байж билээ. Надад өөрийнхөө байгуулсан компанийг өгнө гэхэд нь жаахан надад дааж давшгүй хэзээ ч боломжгүй юм шиг санагддаг байж билээ.

              Аавын минь нас яг 50 хүрлээ. Бүхэл бүтэн 50жил энэ дэлхий дээр амьдарчээ. Нэг хуурай ахтайгаа хамт эрдэнэт хот руу ажилаар явчаад буцаж байхдаа аав маань 50хүрч байгаа гэхэд чи ямар залуухан аавтай юм бэ гэж билээ. Зарим хүмүүс миний аавыг бурхан мэт шүтэж хүндэлдэг, зарим хүмүүс түүнийг мэдэхгүй. Тэр бол миний бахархал, тэр бол хамгийн сайн аав. намайг хүмүүжүүлсэн хамгийн сайн хүн. Тэр дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер ч, гурилын үйлдвэрийн нимгэн төмөрчин ч, компаний захирал ч, дугуй засварчин ч, худалдагч ч, гахайчин ч, ногоочин ч, оёдолчин ч, наймаачин ч, тамирчин ч хэн ч байсан надад хамаагүй тэр бол хамгийн сайн аав бас хамгийн сайн өвөө. Би түүгээр бахархдаг. Та бол миний бахархал шүү аав минь. Би аавынхаа үгнээс зөрж үзэл бодол таарахгүй олон удаа байсан, түүний хэлсэн үгнээс гарч байсан удаа ч би, бүүр жаахандаа зодуулж байсан, загнуулж чимхүүлж байсан тэр болгонд надад ухааруулж байсанд баярлалаа ааваа. Таньдаа 50насны ойн баярын мэнд хүргэе!




Thursday, September 11, 2014

Wednesday, September 3, 2014

Адал явдлаар дvvрэн амьдрал

Ааваа та енеедер намайг цэцэрлэгээс заавал аваарай,  ээж нь л дандаа аваад байх юм. Та авна гэж хэлээчээ гээд л 2 зулзага нь хэллээ. Аа нь енеедер заавал  2vрээ авна гэж хэлээд цэцэрлэгт нь хvргэж еглеее. Ажилаа маш сайн амжуулж хийж дуусгаад 2vр лvvгээ яаран тэмvvлсээр цэцэрлэгээс нь очиж авлаа.   Хvv энэ жил ахлах бvлэгт, охин маань дунд бvлэгт явж байгаа. Ахынх нь ангиар шагайж куку гэж хэлэхэд ангар нэг дvvрэн байсан алдрай жаалуудаас хэний аав ирээ вэ гэсэн байдалтай бvгд харна. Аав нь амалсандаа хvрсэнийг хараад хvv газар дэстэл баярлаж дvvгийнхээ анги руу бид 2 ороход, зvрхэн дээрээ баруун гараа тавиад терийн дууллаа дуулж эхэлж байлаа. Тэр терийн дууллаа дуустал нь дуулж дуусгаад гvйн ирж:"Ааваа надаа гое  юм авчирсан биздээ?" гэж асууна. Аав нь та 2тоогое юм авсан гурвуулаа хувцсаа емсчихеед гое юмаа авъя тэхvv гэхэд аан иин уун vгvй ээ одоо л авмаар байна одоо л авна гэсээр байгаад малышам соруултай жvvсээ аваад 30секундын дотор охин ууж дуусгаад ааваа надаа ахиад егеерэй гэж нэхнэ, харин хvv соруулаар нь агаар сорж vлээж тоглож байгаад ууна. Гэхдээ гэр лvvгээ орон ортолоо ууж явсаар орцны хажуугийн хогийн саванд савыг нь хаяна, охин хаана саваа хаясан нь мэдэгдэхгvй ууж дуусаад л ахиад гое юм гэж нэхнэ. Нэхсээр байгаад жоорны дабль чупа чупсыг халааснаасаа гаргаж егехед хvргэнэ. 

Цэцэрлэгийн гадаа охины минь унтлагын хувцас тvрсиктэйгээ елгеетэй байхыг хараад орондоо шээснийг нь мэдлээ ОХУ-ын еренрийлегч В.Путин ах енеедер манай улсад айлчиллаа.  Гэртээ орж ирэхдээ би борыг нь чи ногооныг нь гэж хэрэлдэж орж ирсэн 2хvvхэд сvvлдээ уйлаан боллоо.  Агаадаа борыг нь егчих аав нь охиндоо бохь егье гэхэд бохийг нь аваад бас егехгv санаатай аймар охин уйлалдсаар л байлаа . Чихэрээ булаацалдаж уйлж байгаа ечvvхэн зvйлийн телее та нар юунд ингэж уйлалдана вэ. Алив би жижvvрийн хvvхдэд егье гэлээ. Чихэрнvvдийг нь булааж аваад балконоор унагаалаа гэж сvрдvvлэн барин уйлалдааныг зогсоолоо. Охин агаадаа борыг нь егч надаас бохио ч авлаа. Холд хийж байх зуур пали намайг зодоод байна гэж охин ирж гомдоллоход нь битгий хов зеегеед байгаарай гэсэн чинь ааваа би хог зеегеегvй шдээ гэж хэлний vгийн баялагаа хегжvvлж буй 2 настан хэллээ.  За болоогvй паалийг загнуулах арга сvвэгчилж пали намайг гэрэлгvй ереенд байлгасан гэж  дахин хов зеехед нь тоосонгvй ванны ерее ороход шинээр авсан шvдний ооны талаас илvv хувийг нь угаалтууранд шахсан байхад нь дуудааж гарынхаа алгыг дээш харуул савхаар ороолгож яс маханд чинь мэдрvvлээд егье хэдхэн  хоногийн емне чи ээжийнхээ бvх шампунийг шахсан биздээ гээд уураллаа. Емгенеж ирээд л ааваа би дахиж хэзээ ч ингэхгvй ээ л гээд байлаа. За чи тэгвэл надад яагаад ийм хисэнээ тайлбарлаадах гэсэн чинь яагаад гэвэл ээждээ хайртай болохоороо. Гэж хэлэхэд нь ууралсан байсан укр муур бvх юмнууд маягтайгаар хэлсэн адтай охины егvvлбэрт дарагдан еерийн эрхгvй эндээс хурдан яв гэж хэлэхэд хvргэлээ. Гарсных нь дараа хагартлаа инээж заваартуулсан ванны ереег нь цэвэрлэлээ.  

Ааваа чи надаа утсаа егееч би баримлын шавар vзмээр байнаа.  Хvн над руу залгавал чи надад утас авчирч егеерэй гэж хэлсээр байтал ажлын холбогдолтой хvмvvс залгахад байн уу гээд еедеес нь яриад байгаа болохоор утсаа егсенгvй . Удалгvй чи яасан муухай зантай болчихсон юм бээ надаа егеечээ ааваа л гээд яриад байдаг хегжилтэй 2настан гуай юм даа. 

Friday, August 29, 2014

ЗАЛЬТАЙ ОХИН

          Нэгэн орой гэртээ орж ирэхэд ээж агаа 2нь унтсан байлаа. Горшокондоо шээчээд одоо унтаарай гэхэд үгүй ээ бие засахгүй ээ л гээд байлаа. Зөрүүд зан гаргасныхаа ачаар над дээр ирээд ааваа надаа гоё юм өгөөрэй гэж шаналгалаа. Заза гоё юм өгье чи харин шээгээдэх гэлээ. Шээчээд байж байхад нь Rissen-ны ирээс өглөө. Ааваа энэ чинь гоё юм биш байна, муухай ш дээ гээд угаалгын машин дээр авчирч хаячихаад ааваа гоё юм гоё юм л гээд байлаа. Тэгэхээр нь хүүхдийн бохь өгье л дөө гэсэн чинь үгүйээ гоё иш миштэй юм авъя л гэлээ. За яахав гэж бодоод би чамд хадгалж байсан чүпсээ өгье гээд өгсөн чинь нүүр дүүрэн баярын мишээл тодрон хайрын харцаар над руу ширтэж байснаа, ааваа чи сая надад хүүхдийн бохь өгнө гэсэн үү тэ? Миний нөгөө гаранд юу ч байхгүй байгаа болохоороо чи надад бохио өгөөчээ л гэсээр авч цэнгэлийн дээдийг мэдэрлээ. Rissen-ээ аваачаад өндөрхөн тавиур дээр тавьсан байсныг хараад очиж аван баяр бахдлыг мэдрэн орондоо орлоо доо. Энэ охин аймаар зальтай.

Wednesday, August 27, 2014

БҮЛТЭГДҮҮЛЭВ

          Аавыгаа урьд нь хэд хэдэн удаа бүлтэгдээд авсан юм хүү минь. Би тэр үед хүнийг бүлтэгдэж болохгүй энэ чинь аюултай шүү дээ гэж хэлдэг байлаа. Гэтэл өнөөдөр гадагшаа гарах гэтэл намайг дагаад уйлж байсанаа нам бүлтэгдлээ. No No хүү минь ахиж хэзээ ч тэгэж болохгүй шүү гэж сайн ойлгууллаа. Амаар ч ойлгууллаа, яс маханд нь ч ойлгууллаа.

               Бүлтэг гэсэнээс нэгэн өдөр хүү минь чи ээжээсээ бэлэг эмэгтэй хүний бэлэг эрхтэний тухай асуусан байна лээ. Ээжтэйгээ хамт усанд орж байгаад, хүүе ээжээ таны боожгой чинь хаачсан юм бэ? алга болчихсон юм уу гэжээ. Үгүй миний хүү эмэгтэй хүн чинь боожгойгүй байдаг юм. Эрэгтэй эмэгтэй хүмүүс чинь өөр өөр байдаг юмаа гэж гэнээ. Яанаа ээжээ та чинь тэгээд бөгсөөрөө баагаад бас бөгсөөрөө шээдэг юм уу гэсэн байна. Ээдээ энэ хүүхдүүд үү! Хайрт минь надад энэ тухай ярьж өгөхөд нь энүүгээр нь шээдэг, энүүгээр нь sex хийдэг энүүгээр нь баадаг гэж хэлээд өгөхгүй яасан юм гэхэд 4хөн настай хүүхдэд арай ч дээ. Цаг нь болохоор хэлнээ л гэлээ. 

4th ANNIVERSARY

         Өнөөдөр эхнэр бид 2-ын хуримаа хийсний 4жилийн ойн баярын өдөр. Хорвоо дээрхи ховорхон олдсон хайрт хань минь, гэрийг минь нараар гийсэн гэргий минь, халамж хайраа харамгүй зориулсан энхрий ялдам хонгор минь, нөхөр хэмээх эх нэр зүүж гэрийн тэргүүнээ болгосон эхнэр минь, унаж бүдэрч явахад минь ухаарлын үгээ, баярлаж хөөрч явахад минь баярын үгсээ харамгүй хайрлаж байдаг бүсгүй минь, 2 хөөрхөн үрийн минь ээж болсон хайрт минь чамдаа амьдралынхаа 4н жилийг наддаа зориулсанд баярлаж ойн баярын мэндийг хүргэе! 

           Бизнессийн алтан хамтрагч Жектэйгээ нийлж бошинз нэртэй даашинзны дэлгүүрээ нээгээд удаагүй байгаа ээж нь ойрдоо маш их ажилтай их л ядарч байгаа болохоор орой эрт унтах юм. Өнөөдөр аав нь торт аваад хүүхдүүдтэйгээ ширээ тойруулан суугаад өнөөдөр ээж аав 2-ынх нь хуримаа хийсний 4-н жилийн ойн баяр болж байгаа юм шүү, тийм болохоор торт задлаж байгаа юм. Ээждээ баяр хүргэе гээд бид 3 алга нижигнүүлэн ташлаа.  Аавдаан бас баяр хүргэлээ. Миний гэр бүлд хүүхэд нь болж төрсөн алдрай бяцхан үрс минь болох хүүдээ мөн охиндоо баяр хүргэж алга ташлаа. Ойн баярын Батбайгаль бэйкерийгийн торт амттай сайхан байлаа. Аав нь оройн хоол хийж тортоо охин нь малалсаар ээжийгээ хүлээлээ. Ээж нь ажилаа тарж ирээд гэрээр нар цацрах шиг боллоо. Нар зөвхөн манай гэрт л ганцхан байгаам шиг баярлацгааж юун тэр хоол моол тортоо идэх цаг боллоо, гоё доо гоё доо, YES гэж ирээд л чармай нүцгэн 2 ой 8сартай бүсгүй нүүрэн дээрээ аз жаргалын мишээл тодруулан, нүднийхээ харыг авч тортны зурагаар сольж харваас бүх хүнийг тортоор төсөөлөн харж байгаа нь мэдэгдэж инээд хөөр баяраар бялхан дүүрч үсэрч цовхцон байх юм. Нүүрээ угааж хоолоо идсэн хүүүхдэд торт өгнө шүү, гэж ээж нь хэллээ. Хоолноосоо нэг халбагадчаад зөвхөн торт руугаа л харна. Аргагүй л дээ бүтэн 3 цаг ээжийгээ иртэл нь хүлээсэн. Хаая хаая ааваа би торт идэж болох уу гэж асууна. Ээжийгээ ирэхээр нь хамтдаа идье гэхэд тэгвэл ааваа би тортноосоо амсаж болох уу л гэнэ. За тэгээ тэг гэхэд амсана. Байн байн ярина. Үгүй ээ миний охион ээжийгээ хүлээнээ за юу. Хүлээхгүй бол ээж нь ирээд гомдоно гэхэд, тэгвэл би чамд гомдлоо шүү за юу гээд л уйлна. Уйлахдаа хулгайн нүдээр, нүднийхээ булангаар над руу сэм сэм харна, уруул нь өмөгнөж ирээд л уйлна. Хараагүй дүр исгэж хийж байсан юмаа хийхэд хэсэг уйлж байгаад яваад өгнө. Хаха зальтай хүүхэд.

          Өвдсөн ч, өтөлсөн ч, баярласан ч, гунисан ч, мөнгөтэй ч, мөнгөгүй ч, баян ч, ядуу ч амьдралын ямар ч үед чамтайгаа хамт өвөө эмээ болтлоо хамт байж зэрэг нэг өдөр нас баръя.  Нэг нь үлдээд яахав, ганцаардна шд. Хэ Хэ. 


*************  I  ******* L *** O *** V*** E ********* Y *** O *** U *** ! **************
***************************** МИНИЙ НАРХААН **********************************








Monday, August 18, 2014

Охин минь чи юунд уйлна вэ?

           Хайрт охин минь чамайг минь уйлахлээр тэнгэр газар нийлэх шиг л санагдах юм. "Ааваа ээжээ би та 2-ыг санаад л байсан шд", гэж хэлэх түүний минь үгс бидэн 2-ыг уяраана, гайхшруулна. Бид 2 ч гэсэн та 2-ыгоо ямар их санасан гээч.
            3-лаа гадаа гарч хүүхдийн тоглоомын талбай орж тоглох уу гэхэд год үсэрч босоод, тэгье тэгье гээд л, харин Хүсэлээ энэ удаад айпэдаараа юм үзэж байсанаа, гадаа харанхуй болсон байна шүү дээ гэдэг байгаа. Тэгсэнээ за энэ бичлэгээ үзээд дуусгаадахая гэлээ. Хайртыгаа ажилаас нь аваад нарны замаар давхиад гялс харина гэж төлөвлөж байсан ч, ажил маш их байсан учираас чамайгаа 2 цаг хүлээлгэлээ. Уул нь бид 2  хүүхдүүдээ аваад Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн оръё гэж төлөвлөж байсан ч санасанаар болсонгүй. Нарны зам засвартай, ажилаасаа 2 цагийн хойно бууж харилаа. Гэртээ ирээд та 2ыгоо аваад хүүхдийн тоглоомын талбай руу явлаа. Гулсууран дээр байсан 11-12той байрын банди нарыг зад загнаж хөөж явууллаа хаха. Cus тэд бол жаахан хүүхдүүдийн тоглоомын замыг блоколж нөгөө хэд нь ойртохоосоо айж тоглож чадахгүй. Явж тэр сагсны талбай руугаа явцгаа гэлээ. хаха охиноо хүүгээ үеийн 2-4 настангуудтайгаа бодох санах зүйлгүй орилж хашгичиж тоглох үрсээ харахад надад сайхан амрах шиг л болж байлаа. Амласаныхаа дагуу дэлгүүр хамт орж цэлцэгнүүр ундаа авцгааж гэртээ орж ирээд охин надтай дайн зараллаа. Яагаад ээжийнхээ идэж байсан зайрмагийг хараад аавынхаа авч өгсөн ц-г мартаад гараа угаах дүрмийг уландаа гишгиж орилж хашгичин өт мэт гулжиганан тонгочино вэ.

          Аргагүйээ аргагүй өдөр унтаагүй юм сан жээ. Уйлан уйлан угаалгалаа. Өөрөө ч биш надаар угаалгалаа. Аль болох өөрөөр нь угаалгаж бие даах чадвартай болгох санаатай үзэж байгаа аав ээжийнх нь үр дүн хэзээ нэгэн цагт өгнө гэж найдна.

              Хайрт охин минь чи минь уйлахгүйгээр ааваа, ээжээ тэгье ингэе гэж байгаарай кисс я бэйби хэхэ.






Monday, August 11, 2014

Хүү маань их хурдан том болж байна

Хүү маань ээж дүү 2тойгоо дундговь руу Дорж ахынд очиж ээжийнхээ зуны амралтаар Өлзийт сумын наадмыг үзэнгээ Цоожоо дүү Заяа аниатайгаа тоглохоор явцгаалаа. 7 хоног яасан ч хурдан өнгөрчихөв. Ажил ихтэй аавынх нь өдрүүд хааяадаа маш хурдан өнгөрч та 3ыгаа маш их заримдаа бүүр санасандаа уйлна. 10 хоног өнгөрлөө, тэсэхээ байгаад авчрахаар араас нь явлаа. Аав нь хүүгээ хараад маш их баярлаж тэвэрч аваад салмааргүй л санагдаж байлаа. Охин маань хүзүүгээр тэвэрч ааваа би таныг санаад л байсан гээд л, надаас салахгүй тэвэрнэ. Та 2 минь хэдхэн хоногийн дотор яасан их том болоо вэ. Хэл яриа нь зүгшрээд л, шинэ шинэ өгүүлбэрүүд, санаанд оромгүй холбоо үгсийг хэлээд л.. хэхэ би та 3таа маш их хайртай! Бас маш их санасан.

Wednesday, June 18, 2014

Өмдөндөө баасан байна

Өнө-Үжин өнөөдөр цэцэрлэг дээрээ баасан байна. Шатаар өгсөөд цэцэрлэгийнхээ дээвэр дээр нь гарч байгаад өмдөндөө баасан байна.
Орой ажилаа тараад очоод авах гэтэл тэр өмсөх хувцасгүй унтлагынхаа хувцастай байлаа.
Бид 3 гадуур наймаа хийж яваа ээжийгээ хүлээнгээ  цэцэрлэгийн хажуу талын дэлгүүр орж бамбарууштай печень ундаа аваад хүүхдийн тоглоомын талбай орж гулсуур дээр гулгалаа.

1-р хорооллын арын цэцэрлэгт явдаг байлаа. Энэ өдрүүдэд миний хайр нь та нарын ээж БОШИНЗ нэртэй платьены онлайн дэлгүүр нээж гадуур наймаа хийдэг боллоо. Мэдээж ажлынхаа хажуугаар шүү хүүхдүүд минь. Энэ жилдээ багтаагаад 50 платьетай болох гэсэн түүний мөрөөдөл нь найз нөхөд эргэн тойрныхоо хүмүүст чанартай, өнгө үзэмж, загвар сайтай брэндийн бүтээгдэхүүнүүдийг  үйлдвэрийн үнээр АНУ, Англи зэрэг улсуудаас онлайнаар захиалан авчирч нийлүүлэх нь бяцхан бизнесс болон хувирсанд хоббигоороо ирээдүйд өөрийн дэлгүүртэй болох бүүр цаашлаад MALL-той болох сайхан боломж нээгдэж байна.  

Түүний хобби надад таалагддаг. Харин охины минь өмдөндөө баасан үйлдэл надад таалагдаагүй шүү хэхэ. 

Sunday, June 8, 2014

Уйланхай хүүхдийг яах вэ?

            Агаа нь байнга уйлах юм. Хэн нэгэнээс ямар нэг зүйл гүйхдаа ч юм уу, нүүр гарын угааж байхад цамц нь нороход ч юм уу, тайлбар тавихдаа ч юм уу уйлагнаж ярих юм. Битгий уйлагнаж яриад бай, дүү чинь зүгээр ярьж байхад чи ах нь байж уйлаад байх юмаа. Гоншгонох гэж ээж нь нэрлээд байгаа. 
            Ааваа би хүүхэлдэйн кино үзье, гэхэд нь: "Үгүй ээ миний хүү" гэхэд л ийн ийн ийн би үзмээр байна ийн ийн ийн л гэнэ шүү. Пали түүнийг шоолно. хэхэ
Шилжилтийн насны бага зэргийн синдром маягийн юм болов уу даа л гэж бодох юм. Аавын хүү ахиж битгий уйлж яриарай, аав нь чамайгаа үргэлж дэмжиж чиний ард зогсож байх болно. Миний хүү өөртөө итгэлтэй байгаарай.

Saturday, June 7, 2014

Хүүхдүүддээ бичсэн захиа

               Аав нь тийм ч сайн хүн байгаагүй ээ. Тийм муу ч хүн биш. Миний амьдралд тохиолдсон сайхан дурсамж бүрийг санахдаа баярлаж, муу муухай бүхнийг  санахад сэтгэл өөвдөх үе ч байх юм. Сэтгэлийн өвчнөөс биеийн өвчин нь хавьгүй дээр байдаг юм байна. Сэтгэл санаагаа битгий өвтгөөрэй хүүхдүүд минь. Аав нь үнэхээр тэсэж чадалгүй уураллаа. Намайг үнэхээр уучлаарай. Би та 3ыгаа айлгая гэж бодоогүй юм шүү. Араатан шиг л байсан байх. Задгай мөнгө цууглуудаг керамик гахай, флоридагийн алигаторын жинхэнэ толгой, усан буу, хатаж хорчийсон зүрх, эвдэрч хэмхэрсэн сэтгэлийг бетонон хананд савж хагаллаа, устгалаа. Нүдний кадрт бичигдсэн хором бүр агшин зуурын үйлдэл бүхэн тархи болоод зүрх сэтгэлд гүн шингэж бичигдсэн сайхан дурсамжууд, муухай кадрууд гэж ангилагдана. Зүрхээн цэвэр байлгаж сэтгэлээн чилээхгүйн утгыг аав нь ойлголгүй явжээ. 30 нас хүрэхийн урьдхан ухаараагүй л явж. 48 эсвэл 67 нас хүрэхээрээ аль эсвэл үхэхийнхээ өмнөхөн мэдэхийн болов уу. Энэ ертөнцөд эгэл нэгэн болж ирсэн аавд нь онцгой зүйл үгүй ээ, бусаадтай л адил баяр хөөр, зовлон гуниг, гомдол, хайр халамжийг амасна. Би өчүүхэн нэгэн, хэн ч биш, хэнд ч хэрэггүй амьтан боловч та нартаа хэрэгтэй юм болов уу? Гэж хааяа бодохлоороо амьд явах ёстойгоо мэдэх юм. Аав минь архичин байсан, тэр хулгайч дээрэмчин байсан аль эсвэл алуурчин байсан гэж биш аав маань миний төлөө хүүхдийнхээ төлөө өөр замыг сонгосон юм гэдгийг мэдээсэй, гэсэндээ би өнөөдөр зөв шийдвэр гаргах ёстойгоо мэдэх гэж оролдож сууна. Итгэлийн гал бадарч сэтгэлийн гүн дэх эдгэршгүй шархыг хувирашгүй хайрын дөлөөр шатаалаа. Хайр бол хамгийн агуу нь гэгддэг. Тиймээ хайр бол хамгийн агуу нь. Хайр үгүй бол би ч тэр ч чи минь ч үгүй билээ. Хайр байгаа болохоор бид хамтдаа байж, хамт хооллож хамт унтаж, хамт шүдээн угаадаг билээ. Хүү минь би чамдаа хайртай болохоороо чамайг зэмэлдэг юм шүү, хайртай болохоороо чамд ухааруулахыг оролддог юм шүү, хайртай болохоороо би чиний төлөө санаа тавьдаг юм шүү. Мөн хайртай болохоороо өөрийгөө өөрчлөхөөр шийдлээ. Амьдралынхаа өнгөрсөн цагт бүү харамс үр минь, ирээдүйнхээ төлөө бод, сэтгэ, чамайг минь гэрэлт ирээдүй сайн сайхан бүхэн чамтай минь хамт түүх бичилцэхээр хүлээж байгаа чи минь сайхан амьдрах ёстой нэгэн шүү. Өнөөдөр чиний минь гэдэс өвдөж бөөлжөөд намайг сандаргалаа. Ааваа чиний авч өгсөн жүүсийг уугаад би бөөлжчихлөө, надад ахиж битгий ахиж жүүс авч өгөөрэй. 
                  Ааваа агаа яагаад бөөлжөөд байгаа юм бол? Зурагт их үзэж компьютерээр их тоголоод бөөлжиж байгаа юм, та 2цагаа багасгах ёсстой шүү. Чамдаа зориулж, чинийхээ төлөө би өөрийгөө өөрчлөхийг хичээе дээ. Хэзээ ч ахиж сэрэлгүйгээр нам унтаад өгөх юмсан гэж бодсон өчүүхэн бодол минь та 3-ын минь намайг тэврээд та ахиж хаашаа ч битгий хол яваарай, би таныгаа ямар их санаваа, би чамд хайртай гэж хэлэх үгэнд гишгигдэж надад эрч хүч урам зориг амьдрах итгэл өглөө. Тэр урам зориг итгэлийн дөлөөр та 3-ынхаа төлөө эцсээ хүртэл тэмцэх болноо. Би дахин төрсөн юм шиг, дахин хүмүүжигдэж байгаа балчир 1 настан шиг өөрчлөлтийн гараанд гарахад бэлэн боллоо. Бариа намайг хүлээж байгаа, шүүгч нь миний амьдрал байх болно. Үзэгч нь харин би өөрөө ч байх болно. Чи ямар хүн юм, хаана төрсөн юм, хаашаа ингэтлээ яараав дээ, юундаа яарна вэ, даарваа, өлсөх вий, сайн бод үр минь. Бие биеээ хайрлаж яваарай, хэзээ ч бүү шантар, хэзээ ч битгий гутар, хэзээ ч битгий гуниглаарай, маргааш үхэх юм шиг амьдар! Бусдын алдааг уучил, боломж олго, алдсан нэгнийг харанхуй нүх рүү бүү түлх, эцсийн эцэст хайр л бүгдийг даван туулах болно, хайр л бүгдийг өөрчлөх учиртай. Ээжийнхээ хүмүүжилд анхаарлаа хандуулж зааж сургаж буй бүхнийг сайтар ухаарч ойлго, түүнийг үхэн үхтэлээн хайрлах ёстой. Ээж чинь үгүй бол чи байхгүй байх байсан. Тэр л чамайг төрүүлж тэр л чамайг хүмүүжүүлж, тэр л чамайг хүн болгосон, тэр л чамайг хэнийг ч урьд нь хайрлаж байгаагүй аугаа их хайраар чамайг хайралсан юм. Тиймээс ээжийгээ хором мөч бүрт хүндэлж хайрлаж яваарай үрс минь. Эцгийн сургааль зүрхэнд эм, сэтгэлд тан, эхийн сургааль эрдэнэ тул чихэндээ чимэг сэтгэлдээ шивээс болгон хадгалагтун. Бурхан биднийг зөвшөөрсөн учир бид нэгэн гэр бүл нэгэн бие билээ хайрт минь. Чамайгаа гомдоож байсанд минь уучлаарай! Зөвхөн чиний палдаахай.






Friday, June 6, 2014

чоно тарвага

Өнөхүсэл дүүтэйгээ хамт 25р байрны тоглоомын талбайд ирэхдээ гулсуураар гулгах гэдэг ганцхан зорилготой ирдэг байлаа. Олон янзын шатаар нэжгээд талаас нь авирч хэдэн янзаар гулганаа. Харин өнөөдөр түүний зорилго өөр болжээ. Нэг харсан чинь сүрхий зүйл болсон бололтой айхтар чангаар:
"Ааваа ааваа" гэж ориллоо. Түмэн хүүхдийн дундаас би түүнийг олж харахад түнтийтлээ улаасан царайнд нь түгшүүрийн дохио асаалттай "түүнийг надаас холдуулаач" хэмээн айдас дүүргэсэн харцаар намайг чиглэн ирэхэд:
өхөөрдсөн бололтой түүнийг, нэгэн охин араас нь нэхэн гүйж ирэв.
"Ааваа намайг аваарай, тэр намайг барих гээд байна шүү!" хэмээн хэлэхэд нь аав нь түүниййг танихгүй царай гаргаж өөр тийшээ харав. Хаха. Шохоорхлын харцаар түүнээс нүд салгалгүй ширтэх дөлгөөхөн харцтай, үсээ орой дээрээ боосон, сэргэлэн байрын шар годгор охин:
"Хоёуулаа хөөцөлдье л дөө" гэлээ. Урьд өмнө нь хэзээ ч ийм зүйлээр тоглож үзээгүй залуу айх гайхах хоёрын дунд алмайран зогсож байхыг харсан дүү нь түүн дээр ирээд:
"Агаа тоглоё л доо" гэжээ. Сэргэлэн шар охин түүний нуруун дээр нь аажуухан гар хүрж баригдсан гэж хэлээд гүйгээд явахдаа, "намайг бариарай" гэж өдөөд явлаа. Ичингүйрэн, алмайранхан байсан хүү гулгахаар явлаа. Гэтэл замаас нь гэнэт эм чоно гарч ирээд тэр эр туулайг барихаар түүнийг сандаргав. Сандарч нэлээд хэдэн саадыг даван зугтсаар баригдав. Хэсэг хугацаа өнгөрөөв. Эр туулай чоно болон хувирч эм чоныг хөөж гарлаа. Хөөцөөлдөн тоглоод дүү аав 2ыгоо тэр мартав бололтой. Дүү нь хамт тоглож байгаа юм шиг өөрийгөө бодон араас нь гүйнэ. Айж явсан алмасаа авлахаар араас нь хөөнө. Гэнэт зогсон дүүгийнх нь гараас хөтлөн дагуулан яваа харагдана. Ах нь таалагдаж дүүд нь сайн хандаж байгаа юм шиг. Хаха. Нэлээд удаан хөөцөлдөж байтал эгч нь ирж шар охиныг авч явахад явахгүй дургүйцнэ. Бүүр явсаных нь дараа ааваа маргааш ирэхдээ найзтайгаа  тоголно тээ гэлээ.









Monday, May 26, 2014

Genet sanaw

Өнөөдөр өрөөндөө ширээнийхээ ард сууж байгаад гэнэт 2 үрээ маш ихээр саналаа. Яагаад тэгсэнээ огт мэдэхгүй гэнэт цээжээр хөндий оргиж нүдэнд нулимс цийлэгнэж огшоод л явчихлаа. Ээж рүү нь ярьж багш руу яриад эсэн мэнд байгаа эсэхийн талаар асуугаад өгөхийг гуйлаа.

Tuesday, May 20, 2014

Билгүүн Ундарга цэцэрлэгийн Эрдмийн баяр Хүүхдийн Найрамдал зусланд

Охин маань хоороор долуулаа дуу дууллаа, хошуу нь шөмбийчөөд микрофон яг урд нь байсан болохоор охиний маань л дуу хадаад байлаа. Бараг ганцаараа дуулж байгаа юм шиг л. 2 микрофоны 1нь ажиллахгүй байсан. 7хүүхдээс хамгийн бага нь миний охин байв. Төрийн дуулал дуулахдаа цээжин дээрээ гараа барьж байгаад л бөөнөөрөө дууллаа даа.

Хүү маань харин олон улсын жүжигчдийн мэндчилгээнд оролцохдоо хятад хүү болов. Цагаан ултай цагаан шаахай, улаан бананан өмд, эрээн мираан цамц, нарны конусан сүрлэн малгай дугтруулж ая явахад урагш хойшоо хөнгөн гүйж байгаа нь яг л дүрдээ орж сайн жүжиглэж чадлаа.

Эцэг эхийн буухиа тэмцээнд аав нь орсон боловч жинхэнэ баг аллаа. Би маш удаан байж багийг хойш нь татаж хугацаа алдаж, муу байлаа.
Гэтэл хүү маань:"Ааваа Та сайн байсан шүү!" гэж урамшууллаа. Би сэтгэлээр унасан ч хүү маань намайг үнэхээр тайвшрууллаа.

Sunday, May 4, 2014

Орилоо аав байхыг хүсэхгүй байна

        Аав нь өөрийгөө засах болноо. Аав нь чам руугаа орилмооргүй байна. Чамайг буруу зүйл хийх үед чинь миний уур хүрч би орилдог. Хөөөөе болиоч дүүгээ битгий орилуулаад бай! Хүүүүе чи яагаад наадахаараа оролдоод байгаа юм бэ? Хаааая чи чинь наад тарагаа асгахаа боль! Дуугүй бол яг одоо уйлахаа боль! Чи яг намайг дуурайж өсөж байна хүү минь, чи дүүгээ чиний тоглоомыг булааж авах үед хөөөөөе Өнө-Үжэээн наадахаа надаа өг гээд л... Би мэдэхгүй байна яагаад энэ бүхэн ийм болоод эргэчихвээ? Би ийм байгаагүй шүү дээ. Амьдралын нугачаа гэх үү, ажлын стресс гэх үү, мөнгөний асуудал гэх үү, юунаас болж би ийм ууртай болоод байгаа юм болоо. Бурхан минь та надад биеээ захирах хүч чадлыг өгсөн билээ. Яг үүн дээр л би уурлахдаа удаан байх ёстой. Хүү минь чи минь хэзээ нэгэн цагт яг аав шигээ нөхцөл байдалд орвол уурлахдаа удаан байгтун. Дотроо стоп гэж хэлээд уурлахаасаа урьтаж бодоорой. Чиний хамгийн хайртай хүмүүсийн нэг бяцхан алдаа хийжээ. 2500Төгрөгний үнэтэй тарагийг шалан дээр мэлийтэл асгачихжээ. Таг нь гүйцэд таглагдаагүй байсан тул санамсаргүй тэр асгачихлаа. Юунд нь ингэж ууралдаг байнаа. Санамсаргүй байдалд нь уу? Аль эсвэл эмээгийнх нь хүч хөдөлмөр гаргаж олсон 2500төгрөгөнд нь болоод уу? Аль эсвэл асгасан тарагийг цэвэрлэх ёстой болж байгаад уу? Мэдэхгүй ээ би яагаад юунаас болоод аймшигтай муухайгаар уурлаж мангас шиг харцаар чамайг харж загнаж, орилсоныгоо огт мэдэхгүй байна. Би ууртай хүн биш хонь шиг дөлгөөн хүн. Би өвчтэй хүн. Энэ магадгүй миний өвчнөөс болж байгаа юм болов уу. Олон хүмүүс цаг хугацааг ухарааж болдогсон бол хэсэгхээн хугацааг ухраагаад маш алдаатай шийдвэрүүдээ, буруу хийсэн зүйлсээ, тооцоолж чадаагүй үйлдэлээ засах байсан байх. Яг үүн шиг надад хэд хэдэн засах зүйлс байгаа ч энэ хэзээ ч боломжгүй зүйл юм. Энэ бол дэмий хоосон зүйл. Шинэхэн авсан машины гялалзсан лакан дээр нь атверткаар "Ааваа би чамд хайртай!" гэсэн бичигийг биш машин дээр зурж байхыг хараад гарыг нь хугартал нь цохиод үхэхээс наагуур харамссан аав шиг байхыг би хүсэхгүй байна. Энэ бол тэнэглэл. Би ууртай, орилоо, тэнэг аав байхыг огт хүсэхгүй байна. Гэвч яагаад би ууралдаг байнаа? Хэрэв ээ хүүхдүүд нь ямар ч буруу зүйл хийхгүй, орилолдож гүйхгүй, бие биетэйгээ тоглоомоо булаацалдахгүй, ааваа хамт тоглоё л доо гэж гуйхгүй, аавынхаа үгнээс огт гарахгүй, маш томоотой байгаал, ямар өрнөл, ямар ч асуудалгүй байгаад л байвал яах байсан болоо. Хэрэв тийм байсан энэ гэр бүл биш байсан байх. Жижиг ч бай том ч бай ямар ч асуудал гэр бүлд байхгүй бол яах байсан бэ? Энэ асуудал гэдэг зүйл гэр бүлд байжээж гэр бүл байдаг байх, тийм үү? Асуудалгүй гэр бүл гэж байхгүй байх аа...

         Аав нь засарнаа. Аав нь сайн аав болох болноо миний хүү. Магадгүй би чамайг дүүтэй учираас чи бол том агаа гэж хэлээд чамайгаа их томоор төсөөлж бодоод байгаа байх. Чи минь дөрөвхөн настай шүү дээ. Аав нь үнэхээр буруу зүйл хийж байсанаа ойлголоо. Аавыгаа уучлаарай! Би чинь чамдаа маш их хайртай шүү дээ. Чи минь миний бахархал шүү!















Унтаахай

         Чи минь яг одоо унтаж байна. Ирэх 7 хоногт бид чиний дайхыг үргээнэ. Буурай эмээ Даада буурай өвөө Бизъя, эмээ өвөө, Огоо Гансүх өвөө, Болдоо ах Шагай аниа Паалий Оюука аниа болон бусад ах эгч нар нь ирж чиний минь сөөвгөр хэдэн үсийг чинь хөндөх болно. Охин минь өглөө босохдоо нойр дутуу байвал ааш муутай сэрдэг. Цагийн өмнө аав нь чамайг орондоо шээчих вий гэж бодоод сэрээж тосч шээлэглээ. 
        Унтах ч сайхан шүү! Аав нь буцаад охиныхоо насанд очоод цэцэрлэгт явж өдөр 2 цаг нам унтаж, өглөө бүр, орой цэцэрлэгээ тарахдаа ээж ааваараа амттан авхуулж хоолоо хийлгэж, хувцсаа бас биеээ угаалгаж, тоглоомын талбайд тоглож, нусаа бас баачаад бөгсөө арчуулахыг бас ааваараа үүрүүлэхийг хүсэж байна шүү. Энэ зүйлүүд миний хувьд яг одоо мөрөөдөл болон хувирчээ. Хүүхэд насны богинохон амьдралыг би мөрөөдөж байна. Хурдан том болохсон тэгэх юм бол хүссэнээ хийнэ дээ гэж боддог байсан миний хүүхэд насны мөрөөдөлдөө аав нь хүрсэн. Харин би чам шиг эргээд болохсон гэсэн мөрөөдөлдөө аав нь одоо хэзээ ч хүрч чадахгүй ээ. Учир нь бүх зүйл цаг хугацаатай. Өнгөрснийг эргүүлж буцааж болдогсон бол хэзээ ч 2 дүүдээ гар хүрч зодохгүйгээр бүр асуудлыг шийдэхсэн гэж хүсэх юм. Хүү минь дүүгээ битгий өвтгөөрэй гэж хэлэх бүрдээ Шагайгаа санах юм. Би өөрөө ч бас ингэж цохидог байсандаа гэж бодох бүрдээ харамсах юм. Чи минь унтаж л байна. Одоо шөнийн 22 цаг болж байна. Чи унтаад 3цаг болж байна. Маргааш цэцэрлэгтээ эрт явах учираас сэрээлгүйгээр чамайгаа өглөө болтол унтуулчих юмсан. Сэрчих юм бол чи минь энэ хавиар гүйгэж харайгаад, тонгочиж гүйгээд аягүй бол шөнө 1 цаг болтол унтахгүй байх.
        Аав нь чам шиг юу ч бодохгүй, юунд ч санаа зовохгүй нам унтах юмсан. Бүтэн 7 хоног ч хамаагүй нам унтчих юмсан. Унтаахй минь унтдаа унт. Сайхан амраарай! 


         












Saturday, May 3, 2014

Шээстэй хүүхэд

          Сүүлийн 3сарын турш Өнө-Үжин орондоо байнга шээх боллоо. Шөнө болгон шээнэ. Аргаа бараад памперс зүүлгэж унтуулахаар халуун байна гээд тайлчихна. Унтахынхаа өмнө заавал шингэн юм ууж байж унтана. Хааяадаа аз таарвал өглөө шээгээгүй босч ирнэ. Одоо бүр энэ 2настай бүсгүйн шээс бүүр үнэртэхээ болилоо. Үнэр нь анх хүрц үнэртээд байдаг байсан. Одоо бүр юу ч үнэргүй болоод бидэнд огт шээс үнэртэхгүй гаднаас орж ирсэн хүнд бол гэр тэр чигээрээ шээсний үнэр. Ойрын хүмүүс л танайхаас шээс үнэртээд байна шүү гэж хэллээ. 
              Өвөө эмээ 2ынх нь багсарч зуурсан шар тостой бор гурилтай ид шидийн хар даавуун бяцхан дэрийг өнөөдрөөс түрсикэн дотор нь давсаган дээр нь тавьж эхэллээ. Урьд нь аавыгаа хол байхад нь санахаараа 7 хоногтоо 2-3 удаа шээдэг байсан үе сайхан байжээ.

Thursday, May 1, 2014

Ээжгүй хэд хоног нусаа нь хацартаа наагаагүй өдрүүд

Эмнэлэгт хээвтээд хэд хоног гэртээ байхгүй. Өвөө эмээгийнхээ хайранд умбаж жаргалдаан ташуурч аавыгаа ажилаас нь ирэхэд уралдан гүйж ирдэг үрс нь байхгүй шүү. Кэкэ. 2Дахь өдөр нь ээж угаасаа байхгүй тул бид 3 хамгийн хурднаараа л хувцсаа өмсөж хамгийн хурднаараа л сэрж байхад чинь 18мин хоцроостой. Бид 3 нусаан хацартаа наагаагүй ч ээжийн үгүйд маргалдаастай. Охин минь чи юунд ингэтлээ намайг бухимдуулна вэ? Яг үнэндээ 4хоногийн өмнө бэлхийн нартай сайхан өдөр дуусч дэлхийн цаагуур нуугдсан нарыг эзгүйд хаврын сэрүүн салхи чамайг минь элбэн багахан дааруулахаад чиний минь хамарнаас шингэн нус гарч ханиад гэгчийн яршигийг тусчээ. Дэлгүүрт ороод чихэр авч өгөхгүй бол эндээс явахгүй гэж дэлгүүрийн өмнө өвдөглөж унахыг аав нь хараад ихэд гайхлаа. Маамуу сүү, Любяятово печенье авч өгөөд та 2ыгоо аваад бушуухан гэртээ орлоо. Бүтэн 30аад минут хаамтдаа дэлгүүр орж ччихэр авч идээд өшөө зөндөө олон ханиалгая  л даа гэж уйллаа. Арай гэж аргадаад сүүг нь задлаж өгөхөд би энэ сүүг чинь уугаад даараад ханиалгавал яах юм бэ би энэний оронд чихэр авах байсан юм гэж хэлээд авдаг санаатай л үр шүү дээ. Хүсэлээ ааваа чи миний авъя гэсэн чоко пайийг авч өгөөгүй муухай за би тэрийг дүүдээ өгч улам их ханиалгахыг нь хармаар байсан юм гэж л байгаам шиг уйлсан даа хөөрхий.
Энрхий бяцхан үрс минь ээжийгээ байхгүйд аавыгаа бага сандраана шүү. Хацар дээрээ нустай огт гэрээсээн гарч болохгүй шүү хаха. 




Үдшийн хэмнэл

Цаг хугацаа хайртай хүмүүстэйгээ хамт байхад дэндүү хурдан өнгөрөөд одох юм. Ээж нь чихний хэнгэрэгний мэс ажилбарт ороод одоогоор 2 хоног эмнэлэгт байгаа ч Өчигдөр оройг бид 3 хамтдаа зугаатай өнгөрүүллээ. Хоол идсэнийхээ дараа байлдаж тогоолоод, нуугдаж тоголлоо. Би 10 хүртэл тоолоод хэдий тэр 2ыг хаана нуугдсаныг гадарласан ч олохгүй байна, та 2 минь хаачив аа гэж баахан орилдог юм. Гэтэл нуугдсаных нь дараа хайж эхлэх гэж байтал хажуунаас үсэрч гарч ирээд ааваа би энд байна шүү гэдэг охин минь хайр хүргэччих юм. Тэгээд Хүсэлээ чи минь хаана байнаа гээд хайж байтал ааваа энд байна шүү гээд агаагаа барьж өгөөд агаагийнхаа уурыг дэлбэртэл нь хүргэлээ. Агаа нь маш их харамсаж чи яаж байгаа юм бэ ямар муухай юм бэ гээд л харц марцаа Үжингийн яг гуравын дунд нь чиглүүлж хараад цохих гэж дайрлаа. Би уурджуур нь орж хэд хэд цохиулаад авлаа. Хажуугаар нь миний уур хүрч татаж унамаар байдаг хүүгийнхээ уур харамсалыг хүндлээд серъёзный царайгаараа маск зүүж сэтгэл дотроо элэгээн хөшөөлөө. Ха ха ха. Үдэш болж унтах цаг болоод ороон засаж гэрлүүдээн унтраах гэтэл унтахгүй байх ямар нүх сүв арга чарга байна сүвэгчлэн олно. Ааваа гэрлээ унтраачихвал би айна шүү дээ. Битгий ай миний үрс аавтайгаа хамт байгаа юм чинь. Ааваа би ус ууя ам цаггаад байна. Ам цагаан хуулгана ирээд та 2т амттай сайхан хирам өгөх болноо. Гэнэт моторын дуу хангинаж мотор нь цохьсон портерийн дуу ам хамраа хослуулан дуу гаргаж эхлэнгүүт нээрээн л харангатаат байх вий гэж айгаад ус авччирч өглөө. Ааваа би жаахан л хүүхэлдэйн кино үзчихий тэгэх үү гэж хүү асууна. Азаар Том ба Жэрригийн анги гараад дундаа орж байна. За энэ ангийг үзээд унтана шүү гэж хэлээд дуусахаар нь унтраагаад айпадийг нь авч хураагаад орондоо орно. Ааваа чонын үлгэр яриад өгөөч гэрээр нь улаан маалгайтыг ярьж өгнө. Ааваа би одоо жаахан маамуу болъё намайг маамуу болгооч гээд хөнжлөөрөө өлгийдүүлж хэсэг халууцна. Бүүвэйн дуу аялж унтуулна. Заримдаа өөрөө өөрийгөө бүүвэйлэн түрүүлээд унтана шүү. Нүд рүү нь үлээж үзнэ, гараараа аажуухан иллэг хийнэ, унтуулах бүхий л аргаа үзнэ шүү. Та хоёр минь эрт унтахгүй бол өглөө босохдоо нойрмог, заримдаа маш ууртай муухай ааштай сэрээд Их Монгол улсын Их Эзэн Богд Чингисийн дүрд хувилж энэ хавийн хүнсний дэлгүүрүүдийн бүр барааг авахуулахаар их аян дайнд хавийн энгийн амгалан иргэдийг сандрааж зовооно.
Ээж нь байхгүй аав нь жаахан уййтгартай ч та 2той байхаар цаг нумнаас хүчтэй харвагдаж алс холыг гялс зорих юм даа.





Хогийг хогийн саванд нь

Аавын хөөрхөн охин чихэр, шоколад, печенье, сүү, ундаа идэж уусан бол хогоо хогийн саванд хийдэг юм шүү дээ хогийн саванд хийж байгаарай. "Ааваа май энийг хогийн саванд хийчих" гэж хэлэхэд нь тайлбарлаж гуйсан ч тэр хүлээн зөвшөөрсөнгүй надаар хаяюулах гээд байлаа. Тэгэхээр идсэн цэлцэгэнүүрийнхээ уутыг хогийн саванд яаж хаядагийг миний хүү дүүдээ заагаад гэж сургамжилж, миний мунадаг хүү шүү гэж урамшууллаа. "Өнө-Үжээн агаагийн дүү харжээ хогоо ингэж хаядаг юм" гээд яруу тодоор харууллаа. Тэр бол хатан хаан, учир нь эмээ өвөөгийнхөө хайрын шокноос хараахан гарч амжаагүй юм шиг байна. Эмээ өвөө 2 нь хоёр хоног цэцэрлэгээс нь авч дураар нь дургиулсан байх нь.

Thursday, April 17, 2014

Хүүхдийн төсөөлөн бодох чадвар

          Дэлхий гэнэт сүйрч үгүй болоод сайхан сэтгэлтэй араатан амьтдын дунд нэгэн бяцхан хүү үлдээд өсөж торнин эрийн цээнд хүрээд харсан чинь эргэн тойронд нь байсан амьтадтай өөрийгөө харьцуулж хараад хамгийн ойрхон нь сармагчин тул түүнтэй нөхцөж адгуус болон хувирч тарзануудыг хийх байсан байх. Хааяадаа нэг ой мойгоор явж байхдаа ганц нэг өөртэй нь адилхан дүрстэй хувцас хунар өмссөн барьсан хүний фото зураг олвол ихэд гайхаж түүний мөн чанар, утга учир начирыг нь олох гэж оролдох болов уу? Галзууртлаа уурлаж өөр зүйлсийг хайх болов уу, хэн нэгэнийг төсөөлөн бодож чадах болов уу? Маугли тарзан дээр гардаг шиг ядаж нэг хүнтэй таарвал хүний хэлээр ярьж сурахдаа амархан байх болов уу? Машин тэрэг,  онгоц пуужин, Хойд Солонгос Украин, Оюу Толгой Таван Толгойн алт нүүрс, эдийн засгийн хямрал махны үнийн өсөлтийг төсөөлж чадах болов уу? Пифагорын томъёоноос ядаж ганцын ч болтугай зохиочиж чадахгүй л байхдаа, USB Flash disc гэвэл ойлгохгүй л байхдаа.

          Хүн төрөлхтөн шинэ мянган, шинэ зуун, шинэ жил энэ шинэ өнөөдрийг хүртэл хөгжин хөгжсөөр цаашид ямар цагт ямар цэг дээр хүрэхийг би мэдэхгүй ээ. Хүний туулсан амьдрал үзсэн харсан, сурсан мэдсэн, эзэмшсэн боловсрол зэрэг дэв энэ нийгмийн хог хаягдал байхгүйн зэрэгцээ амьдрахад бусдад түүгээрээ үнэлэгдэх, цалин авах, татвар төлөх заримдаа хүн алахын тулд ашиглах юм. Хүний амьдралын төгсгөлд түүний хийх гэж төсөөлж төлөвлөж мөрөөдөж байсан бүхэндээ хүрсэн байх нь тийм чухал уу? Зөвхөн өөрийнхөө төлөө, бусдын төлөө, ард түмэн үндэсний төлөө, дэлхийн төлөө амьдралаа зориулдаг хүмүүсийн ялгаа байна. Чи минь хаана байна вэ? Хаачсан бэ? Байна уу? Дэлхийн 2-р дайн яагаад үүсэх болсон, АНУ газрын тосыг хэрхэн хямд үнээр худалдаж авдаг, Дэлхийн Банк яагаад улс орнуудад зээл олгодог, НҮБ-ын Төрийн Нарийн Бичгийн Даргын суудалд С.Баяр яагаад өрсөлдөөгүй, Ховд руу охид яагаад биеэ үнэлэхээр явдаг, Таван Толгойн нүүрсийг Хятад яагаад хямдхан үнээр авдаг, Монголыг яагаад Орос эсвэл Хятад улс эдийн засгаар нь дарамталдаг, Эмэгтэй хүн яагаад аборт хийлгэдэг, арслан руу яагаад ирвэс дайрдаггүй зэргийг хүн мэдэж болно, бас худалыг үнэн юм шиг төсөөлж болно, үнэнийг худал мэт ярьж бас болох юм шиг, үнэнийг үнэнээр нь тааварлаж болох юм.

              Охин минь 2 гараараа нүдээ дараад: "Би алга болчихсон шүү!" гэж хэлээд үнэхээр л байхгүй болчихсон юм уу даа гэмээр аав нь: "Хүүе охин минь хааччихваа, чи минь гараад ирээч дээ тэгэх үү" гэж сандран хэлэх үед "Нээрээ л би аавыг дөнгөж чадлаа шүү, би яаж алга болж чадаваа, миний 2 гар минь ийм л мунадаг юм байна шүү дээ" гэж бодсон харцаар над руу хараад: "Ааваа би энд байна шүү" гэж хэлэх үедээ яст мэлхий туулайг 100метрийн гүйлтийн тэмцээнд 3нахиж түрүүлсэн юм шиг бахдалаар ширтэнэ. Өөрийгөө алга болчихсон юм шиг төсөөлөх, аавтайгаа хамт дэлгүүр ороод хамгийн амттай хамгийн том чихэрийг авч  байгаагаар төсөөлөх, гэрийнхээ хаан нь, бусад нь бүгд үгийнх нь дагуу хийдэг боолууд мэтээр төсөөлөх, өөрийгөө аварга том мөхөөлдөс идсэн ч хоолой нь өвдөхгүй гэж төсөөлөх, наранд дулаацсан торгон элсэн дээр явж байгаа мэтээр төсөөлөн хөл нүцгэн явах, ээжийгээ хэзээ ч уурладаггүй гэж төсөөлөх, нүүрэндээ ус хүргэхгүй ч үргэлж угаагдчихдаг учир угаах шаардлагагүй, гадаа шавхайгаар тоголсон ч бие нь бохирддоггүй, орой унтахын өмнө шүдээ угаагаагүй ч угаачихсан юм шигээр төсөөлөх төсөөлөл нь бий болж үйлдэх нь түүний хөгжил юм болов уу?
Хүү охин хоёртойгоо гэртээ хэсэг хөөцөлдөж тоголоод аргагүй эрхэнд ороод буланд шахагдаж байхдаа за ингээд л энэ хоёр намайг бариад авлаа даа гэсэн бодолд орж эцсийн аргаа хэрэглэе гэж бодоод 2 гараараа нүдээ дараад: "Намайг олоорой би байхгүй болчихсон шүү" гэж хэллээ. Гэнэт пүррр хийгээд алга болчихсон аавынхаа араас эрэл хайгуул болж байгаа юм шиг, аргаа барсан харцаар хэдэн тийш савчин толгойгоо дээш доош хөдөлгөн "Ааваа чи минь хааччихваа" гэдэг байгаа. Хоёр гараараа нүдээ дарвал хэзээ ч ингэнэ гэж төсөөлж байгаагүй аавын сэтгэлд хүүхдүүд минь л хамгийн сайхан, хамгийн үнэн, хамгийн цэвэр, хамгийн хамгийнаар бодогдож утсыг аажуухан хөндлөө.

        Хүүхдийн төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэх нь муу юу, сайн уу? Миний төсөөлөн бодох бодлууд нь ихэнхдээ муу санаалж төсөөлдөг учираас буруу ч юм уу аль эсвэл зөв ч юм уу?









Sunday, April 13, 2014

Индиго хүүхдүүд

За намайг жаахан байхад аав намайг сургаж байна, хүмүүжүүлж байна гэж нээг их зодож байгаагүй ч миний эргэн тойрны найзуудын маань аав ээж нь тэгж зодоод ингэж суран бүсээр ороолгоод гээд л аймар аймар хүмүүжлийн шийтгэлүүд ярьцгааж байсан билээ. Хааяадаа аавын чимхэлт ч хатуу байдаг байлаа. За ер нь Социализмаас ардчилалын нийгэмд шилжээд удаагүй байсан болохлээр диктатуритай хүмүүжил хэрэгтэй л байсан байхв Тэр нь ч тохирдог байсан бизээ.

Одоо үед шал өөр болжээ. Хүн чамтай яаж харьцана өөдөөс чинь тэгж харицна гэсэн гэрээтэй юм шиг л харьцаж байна хүмүүс. Ялангуяа хүүхдүүд ээж аавтайгаа. Энэ нийгмийн авууштай ч гэхиймуу зүйлүүдийн нэг нь хүний эрхийг дээдлэх ёсон юм шиг байгаан. Удахгүй АНУ шиг ч намайг зодоод байвал хүний эрхийн хүүхэд хамгаалах хороо руу залгалаа шүү ааваа ээжээ гэдэг болох вий дээ. За тэр нь ч зөв юм уу даа гэж бодлоо. Хааяадаа тэвчээрийн хязгаар дээд цэгтээ хүрээд Дэлхийн 4-р дайн хийхэд бэлэн болох үед гүнзгий амьсгаа аваад эргэцүүлж нэг бодох завшаан өөртөө олгоод Стоп хүүхэддээ хэзээ ч гар хүрч болохгүй гэдэг дүрмийг санах ёстой юм байна. Одооны хүүхдүүдийг зодуураар хашрааж сургадаг аль хэдийнээ ард үлджээ. Урьдны савхаар тавчикаар та хоёрыгоо өвтгөж шийтгэж байсандаа уучлал гуйж байна.

Хүн хүүхдээ хүмүүжүүлж ахиж алдаа гаргахгүйн тулд түүнд зохих хэмжээний шийтгэлийг ногдуулж байх нь зөв. Тухайлбал өрөөндөө ороод 2-3 цаг гарч ирэхгүйгээр байлгах, үзэх дуртай хүүхэлдэйн киног нь 4 хоног үзүүлэхгүй байх ч гэдиймуу. Хэрхэвч түүний бие махбодид нь хүрсэн шийтгэл байж болохгүй.

Saturday, April 12, 2014

Гайхалтай

Би ер нь яагаад ч юм өөрийгее хүүхэд байхаасаа л гэр бүлтэй болоод амьдрал зохиогоод их л амархан юм шиг бодож явлаа. Яг амьдрал дээр бодит байдал дээр хүнийг хүн болгох нь өөрөө маш том шинжлэх ухаан гэж бодож байна. Хүүхэд өсөж том болоод ямар мэргэжилтэй, хэн болох, ямар зан төлөв, ааш зантай, хүүхдүүдээ хэрхэн өсгөж сайн хүн болгох вэ гэдэгт санаа тавьдаг байх гэх мэт ирээдүйн бие даасан хүн** болгохол яг одоо цаг дээр байх энэ үе маш чухал юм байна гэж  ойлгосон. Эцэг эх 2нь л хамгийн ойрын нөлөөлөгчид болох учир үнэхээрийн цэвэр тунгалаг шинэхэн бас маш ховор цаасан дээр тэдний амьдралыг бичиж эхлэх гэж байгаа учир байнга суралцах алдаа гаргахгүй байх естой юм шиг. Энэ том бас хэцүү шинжлэх ухааныг сурахад бас сургахад бүх л амьдралынхаа туршид л суралцдаг юм шиг байна. Амьдрал өөрөө багш нь юм шиг байна. Ээж аав эмээ өвөө ах эгч найз нөхөд хамтрагчид за тэгээд бүгд л шат шатны зөвлөгч нар. Ээдээ хүүхдүүд минь ээж чинь та 2ыг төрүүлэх гэж ямар их өвдөж байсан гэж бодож байна. Аав нь ээжийг чинь төрж байхад хажууд нь байж үзсэн. Өмнөөс нь өвдмөөр л байсан. Бас төрсний дараа та 2ыг минь хүн болгох их аянд ээж аав 2чинь хамтдаа мордсон доо. Хэцүү ч гэсэн маш амттай бас маш гайхамшигтай энэ амьдралын минь хэсэг мөч хором бүрт бид хайртай. Юугаар ч орлуулшгvй юутай ч зүйрлэмгүй гайхалтай сайхан үрс минь өдөр бүр өсөж торнин хүн болж байгааг чинь харах юутай сайхан бэ!

Ааваа би энд байна шүү, ааваа мяу мяу би муур байна шүү, уаага уаага би мэлхий болсон шүү, ааваа ааваа орон дээр хамтдаа үсрэе дөө, чи битгий яваач дээ, ааваа намайг үүрнэ тэ? Ааваа би чамд хайртай шүү, ааваа би чоно болж байгаад чамайг хазна шүү, ааваа ээжээ би том болоод охин болсон шүү, сайн яваарай,ааваа чи болгоомжтой яваарай, өдрийг сайхан өнгөрүүлээрэй, ааваа би чамайг ямар их санасан гээч, ааваа чи ямар муухай юм бэ, ааваа одоо нуугдаж тоглоё, надаа үлгэр яриад өгөөч, 2лаа хамт явииииилдооооо, би баалаа шүү, гошок аваад ирээч, өөрөө очоод авахгүй юу,би чадагүй байна шүү дээ чи аваад ирээч дээ, ааваа би айпэдээр чинь утсаар чинь тоглоё тэх үү, надаа зоомбий тавиад өгөөч, би маамуу нааш ир үзье л дее гэх мэтчилэн vг өгүүлбэрүүдийг хэлэх ярих бүрт яагаад миний баяр баясал хайр өхөөрдлийг төрүүлдэг байнаа гэж үргэлж гайхах юм.

Гайхалтай хүүхдүүд бас эгдүүтэй

Tuesday, April 8, 2014

Амралтын өдрийн зугаалга

Амралтын өдрүүдээр цагийг зугаатай сайхан өнгөрүүлж цэвэр агаарт гарцгааж кайф мэдэрч байгаа. Хүүхдүүд минь цэвэр агаарт гарч унадаг дугуй унаж, хүүхдийн тоглоомын талбай дээр тоглож наадан цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх нь бидний хувьд аз жаргал юм. Ойрдоо мөнгөний жаахан проблемтэй байгаа ч бид аз жаргалдаа умбасан 4 болохлээр өлсөх ч юм уу хааяа цангах ч юмуу нээх асуудал биш байна.

Ой модонд очиж боргоцой түүж энийг боргоцой гэдэг юм гээд тайлбарлаж өгөхөд тэр маш сонирхон ажиж бас агаадаа, ээждээ авъя гээд л авч байж билээ. Энэ долоо хоногийн бүтэн сайн болон хагассайн өдрүүдээр бас л хаагуур явахаа бодож л байна даа.

Thursday, March 27, 2014

Тэнэг П***да

Хооли мооли 2 настай охины мань амнаас ийм муухай үг гарсан гэхээр итгэж өгөхгүй юм. Бид 4 хоол идэж суугаад эхнэр түрүүлээд босоод явлаа. Аягатай ус харамлаад хоорондоо булаацалдаад ах нь миний ус гэж дийлж аваад байж байтал шарандаа дүү нь ах уруугаа шүлс хаялаа. Ах нь надад энэ шүлсээ хаяад байна гэж ховлонгуут нь ахиж шүлсээ хаях юм бол ам уруу чинь савхаар ороолгоно шүү гэж хэлээд, ойлгосон уу гэж асуухад тэр хариулсангүй. Дахин асуулаа ойлгосон уу гэтэл ойлгосон гээд толгой дохиж хэлчихээд ах уруугаа харж байснаа Тэнэг Писда гэлээ. Түүний амнаас арай ч ийм үг гарна гэж санасан ч үгүй явлаа. Анхандаа чихэндээ итгэсэнгүй. Юу гэнээ гэж лавлаж асуугаад чи сая юу гэсэн бэ гэхэд тэр хоёронтоо хэлэв. Сая л нэг чих зөв сонссоныг ойлгоод савх аваад гарынх нь алгыг өөрөөр нь дээш харуулж байгаад хоёронтоо шавхуурдаж шийтгэлээ. Ахад нь ч сургамж болсон байх. Өөрсдөө үгнийх нь утгыг ч ойлгохгүй байгаадаа хөөрхийс гэж бодож байна. Ангийнх нь 14 хүүхдийн нэг нь хэлэнгүүт сурсан л байж таараа. Дөнгөж 2 наса 4 сар хүрэх гэж яваа бүсгүйн амнаас гарлаа.  Ангийн атаманууд нь 4 настай гарууд ихэнх нь байдаг юм. Охин минь чи наад үгнийхээ утгыг ч ойлгохгүй байж ийм үг хэлээд намайг цус харвуулах шахлаа. Ккк за залуу аав ээж хоёрын цус харвана ч гэж юу байхав, зүгээр л шоконд орж мэл гайхлаа. Цаашдаа юун дээр анхаарах талаар бид бодох цаг нэгэнт болж, энэ цагаас эхлээд хүүхдийн хүмүүжлийн тухай ном барьж аваад уншиж эхэллээ хонгор минь.

Хүмүүжилтэй сайн хүн болгохын тулд аав нь гарынх нь алга руу шавхуурдсан шүү. Савхны амтыг мэдрүүлчээд чарлан уйлж, гомдлын харцаар над уруу ширтэн суухыг чинь хараад өрөвдөж элэг эмтэрмээр байсан ч аав нь чинийхээ төлөө зохих шийтгэлийг хэлсэн үгний чинь төлөө амсуулсан юм шүү. Хүний гарын алга хамгийн мэдрэмтгий эрхтнүүдийн нэг бөгөөд савааны хорсолтыг дахиж амсах зүйл хийхгүй ээ гэдэгт аав нь итгэлтэй байнаа. Алгын чинээ жаахан амьтныг цохисондоо өөрийгөө дотроо загнаж л суулаа. Хэчнээн өрөвдөж байсан ч өр үрүүгээ өшиглүүлэхгүйн тулд хэлээ хазаж суулаа. Ээжид чинь хэлэхэд надад итгээгүйээ. Үнээн итгэхгүй. Хожмын нэгэн өдөр чи үүнийг уншиж суугаад нэгийг бодож хоёрыг тунгаана бизээ.

Хайч чүдэнзээр чамайг тоглож байхад би хурдхан гарнаас чинь салгаж аваад холдуулдаг. Чи хэчнээн уйлаад нэмэргүйээ хонгор минь. За яг үүнтэй адил юм боллоо гэж би өөрийгөө зөвтгөлөө шүү. Шийтгэл гэснээс одооноос жилийн өмнө юмдаа гурилаар та хоёр тоглоод шалаар нэг гурил хувцас хунар нүүр ам гар за бүгд гурил болжээ. Ээж нь та хоёрын гарыг дээш өргүүлээд хана уруу харж зогсоогоод уйлахаан боль гэж хэлж шийтгэж байсныг санаж байна ккк зураг нь ч байгаа.

Инээдтэй шүү.

Tuesday, March 25, 2014

Парентсгүй өглөө

Өглөө сэрэхэд 7:20 болсон байсан тул яаралтай авах арга хэмжээ дугаар 354-ийг сонгож Огоогоо утсаар дуудаж хоёр хүүхдийг албанд нь хүргэж өгөх үүрэг өгөөд түлхүүр гэрт нь хүргэж өгөөд ажилдаа шурт хийх замаараа бондогор Отгоог аваад явцгаалаа. Өдөр сонсоод байсан чинь өглөө эмээгээ орж ирэхэд нь эмээ та ахиж манайд битгий ийм эрт ирж байгаатай гэж хэлээд алмайруулаад авсан байна. Шоколад гаргах өгөхөд нь чихэр идвэл шүд нь өвдөнө гэхдээ яахад шок юм чинь идэхээс, гэрээсээ гараад явж байхдаа өө ороолтоо зүүдэг байж ухааны юм яриад дахин нэг сайн алмайруулж аваад эмээгийнхээ толгойд хэл яриа нь овоо хөгжсөн байна шүү гэсэн дүн аваад амжсан байна шүү.

18:30-тай уралдан ирж ижижж аав хоёр нь хүүхдүүдээн хамтдаа авч хоёр сайхан үрдээ аз жаргал амсуулах юутай сайхан байдаг гээч. Кукарикүү гээд л цэцэрлэгийнх нь хаалгаар ороход бөөн аз жаргалын гялбаа нүүрэн дээр нь тодрон харагдаж ялангуяа Үжингийн зальтай хоёр нүднээс ямар арга сэдэж олоод ижии аав хоёроороо дэлгүүр орж юу авхуулах билээ гэсэн байрын дүр зургийг тодхон гэрэлтэх нүүрний баяслаас олж харах үйлдлийг зөвхөн гэргий бид хоёр л мэддэг. Хувцас юуг нь өмсүүлж амжаагүй байхад л хэдийнээ нүхээ малтаж эхэлнэ. Гараад дэлгүүр орно тээ гэж мэгээд л.

Баавгайтай резинэн чихэр авхуулна гэсээр байгаад авхуулна. Авч өгье за тэгье тэгье гэж хэлэх буулт хүртэл тэр ямарваа нэгэн нээнтэг шалтгийг бодож сэтгэнэ. Жишээ нь маш удаан алхах, шатаар хэний ч юуны ч оролцоогүйгээр буух ч байдгиймуу, ганцаараа алхах гэх мэтийн нас намбандаа таарсан бас зэвүүн юмыг бодож мэргэжлийн тамирчин шиг үйлддэг.

Унтах цаг болж маргааш өглөө сэрэх нь бэрх хүүхдүүдийг унтуулах нь бүтэн сайн өдрийн хаан банкны тог нь тасраад 30 минут болж байгаа 132 хүнийй дараах очероос ярвайсан царайтай дээрээс нь царай гэж матар шиг хүүхнээс Баянхонгорт суугаа малчин ээжийнхээ бөөн юм болж болж арай гэж гуйвуулсан 30,000 төгрөгийг хөлс баас цувсан 6-р сарын 26-ны өдрийн үдээс хойш 3:30-аас авах үйлдлээс хэцүү зүйл болдог юм. Унтахын өмнө ухаан сийрэг толгойгоороо хэрхэн яаж унтахгүй цаг хороох вэ гэдэг олон улсын тэмцээнд оролцож байгаам шиг сэтгэнэ. Ороо заслаа унт командын араас даргаа би шүдээ угаая гэж хэлээд доод тал нь 19 минут зарцуулна. Бүх зүйлийг өөрөө хийх нэрийн дор ээжийнхээ оог ч хүртэл сойзон дээр нь түрхэж өгөхийг завдана. Арай гэж шүд амаа угаах процесс дуусахад хувцсаа өөрөө их янаг тайлнаа, нэг нэгээр яг л анх эхнэрийн надад үзүүлж байсан шоу үзүүлбэр шиг. Хувцсаа тайлаад ааваа би ус ууя, агаадаа бас ус өгнөө. Ахиад ууя ханахгүй. Өмнөговийн 8 хоног усгүй явсан тэмээ дараагийн 9 хоногийн усгүй явах нөөцөө бэлджигам шиг усгүй явсан 8 хоногийнхоо өшөөг авжигам шиг уухыг завдана. Шөнө нь уусан бүх шингэнээ Японы халуун рашаанд орж байгаа мэдрэмж төрүүлтэл гадагшлуулахыг нь яаана.  Памперс зүүлгэхээр би ямар жоохон маамуу юу халуун байна нухаад ёоёо болгоод байна гэсээр тайлж аваад Сүхбаатарын малгайны урд байдаг улаан таван хошуу болон унтана. Ус уусныхаа дараа ааваа би шээмээр байна шүү гэж коршок авчруулж байгаад шээнэ. Баахгүй зөвхөн шээнэ гэсэн бол би өөрийгөө энэ орой азтай байна гэж тооцно ккк. Шээчихээд за одоо унтъя гэхээр ааваа би боорцог идье аль эсвэл хааяадаа баавгайтай чихэр идье гэж хэлж зүрхэлнэ шүү. За арай гэж нэг юм хөнжилд нь оруулж аваад унтах гэхээр Үлгэр яриад өгөөч гэнэ. Манжингийн үлгэрийг жишээ нь энэ орой ярьж өгч байгаан. За хулганыг муур ч ашгүй дуудаж хулгана нь ч ашгүй дуулгавартай ирж манжингаа татаж гаргаад бөөн баяр болцгоож найр шахуу юм хийх болж манжингаараа шөл мөл хуурга муурга хийх ухааны юм болж байтал ааваа сая муур нь хулганаа яагаад дуудаагүй билээ? Гэж асууна. Сая дуудаад манжингаа сугалчлаа ш дээ, үлгэр амар сайхандаа жаргачихлаа ш дээ. Ийн ийн үгүй ээ би өөрөө хулганаа дуудна гэсээр өөрөөр нь дуудуулна. Ёоох цаг авах гэсэн тэмцээнд олимпийн гранпри авцөөн. За одоо бүүвэйн дуу дуулж өгье гэхэд намайг өлгийдөөд жаахан маамуу болгоод өгөөч ааваа гэж үгүй гэж хэлэх байтугай тэр үгийг минь үгсийн сангаас хасагдтал нь өхөөрдөм гуйхыг нь яаана. Хооли дооли хамгаас хөөрхөн...

За тэгээд өлгийдүүлж байхдаа бөөн юм болж байгаа юм шаараа тэврээд унтана л гэнэ, жижиг том болгож өг л гэнэ, хөзрөө бүгдийг нь хайрцагтай сугандаа хавчуулаад унтана л гэнэ, муухай дуулж байна гоё дуул л гэнэ гэсээр байгаад олимпийн алтан цомоо авчиж байгаан. Аавыгаа ч бүтэн цаг гаруй шоглоод авжигам даа. 

Sunday, March 23, 2014

Цэвэр агаарт

Сандэй. Ээжийгээ ажилд нь хүргэж өгөхийн өмнө Бмаа, Байгаль бид 6 Чуканааг эх нялхаст очиж эргэнгээ шинээр мэндсэлсэн охин Еөөгий гурвыг харж баясчихаад анд найз Амраагаа аваад Городок уруу гэрээ шалгахаар явах зуур амгалангийн Оргил орж бууз авчихаад гарч явтал ангийн андууд болох Халиун нөхөр Ганаа, Баку, Нацагаа нартайгаа тааралдаж Цонжин Болдогт уулзахаар цаг товлоод хөдлөнгөө авсан буузаа замдаа идэнгээ явж байтал ядарсиймуу агаарт цохиулсиймуу яасийн бүү мэд хоёр үр минь нам унтлаа.

Гадаа ямар халуун байнаа нар шараад, цэвэр агаар ямар сайхан байнаа хүслээрээ амьсгалаад.

Эба анд эхнэр Насаатайгаа араас ирээд бөөнөөрөө Хайрын Бэлэг 2 амралтын газарт Нацагааг хүүхэд болон гэдсэн дэх үртэй нь үлдээнгээ хүүхдийн тоглоомын талбайд ханатал нь тоглуулж аваад голын эрэг дээр гоймон чанаж аваад байгалийн сайхныг бишрэн бишрэн долоо хоног өүр хүүхдүүддээ цэвэр агаар бэлэглэж байхаар тохироод явцгаалаа.

Гэртээ эргэх ирэх замдаа ээжийгээ ажлаас нь аваад явж байхад замын алжаалаа тайлан унтаж байсан үрс минь ээжийгээ машинд суусныг ч мэдэлгүй ирлээ.

Сайхан өдөр сайхан байлаа.

Явсан газар бүртээ патераа даруулж нүүрном дээр пост хийж хүмүүст харуулна.


Цэвэр агаар мандтугай. 

Saturday, March 22, 2014

Би Чукатай яримаар байна

Эхнэрийн сайн найз Чуканаа төрснийг саяхан нөхрөөс нь сонсоод найзуудад нь баярт мэдээг дуулгах даалгавар аваад хүмүүс уруу залгаад утсааа авахгүй болохоор нь мсж бичиж суунгаа Чуканаа аниа чинь хүүхэдтэй болсон байна гээд хэллээ. ХҮСЭЛЭЭ хүү маань ааваа би Чука аниатайгаа ярья л даа гээд баахан шаналгаад. За яахнуу юу гэж ярихнуу гэсэн чинь оройн мэнд би Өнөхүсэл байнаа чи хүүхэдтэй болциймуу гэж асууна гээд байх юм. Тэгээд тиймээ хүүхэдтэй болцон гэж хэлбэл яах юм бэ гэсэн чинь. Тэгвэл би Яагаад гэж асууна гэхийн. Ккк энэ хүүхдүүд үү. За дөнгөж төрсөн хүн чинь юу боллоо гэж чамтай ярьдагийн гэсэн чинь яринаа гэсээр байгаад залгууллаа. Харамсалтай нь авсангүй. Тэгсэн чинь тэгвэл хайртай нь ярья гэж авхийн. Хэн? Нөхөр нь үү? Ерөөлт ахтайгаа ярихиймуу гэсэн чинь тийн гээд, тэгэхээр нь юу гэж асуух гэж байгаан гэсэн чинь Чука хүүхэдтэй болциймуу гэж асууна гэлээ. Тэгээд тиймээ гэж хэлвэл юу гэж хэлэх юм гэсэн чинь манайд Палингоо байна аав нь байна ээж байна дүү нь байна гэж яриад л болоо тэхүү гээд гуйсаар байгаад залгууллаа даанч утсаа авсангүйээ. Чука яагаад ийм том гэдэстэй болсон юм бэ ээжээ? Яагаад хүүхэдтэй болсон юм бэ? Яаж хүүхэдтэй болсон юм бэ? Ерөөлт энэ 2 чинь бие биедээ хайртай тэгээд хайртай болохоор хүүхэдтэй болсон юм гэлээ. Гэрт нь очоод томоос том гэдсийг нь харж билээ.