Sunday, May 4, 2014

Орилоо аав байхыг хүсэхгүй байна

        Аав нь өөрийгөө засах болноо. Аав нь чам руугаа орилмооргүй байна. Чамайг буруу зүйл хийх үед чинь миний уур хүрч би орилдог. Хөөөөе болиоч дүүгээ битгий орилуулаад бай! Хүүүүе чи яагаад наадахаараа оролдоод байгаа юм бэ? Хаааая чи чинь наад тарагаа асгахаа боль! Дуугүй бол яг одоо уйлахаа боль! Чи яг намайг дуурайж өсөж байна хүү минь, чи дүүгээ чиний тоглоомыг булааж авах үед хөөөөөе Өнө-Үжэээн наадахаа надаа өг гээд л... Би мэдэхгүй байна яагаад энэ бүхэн ийм болоод эргэчихвээ? Би ийм байгаагүй шүү дээ. Амьдралын нугачаа гэх үү, ажлын стресс гэх үү, мөнгөний асуудал гэх үү, юунаас болж би ийм ууртай болоод байгаа юм болоо. Бурхан минь та надад биеээ захирах хүч чадлыг өгсөн билээ. Яг үүн дээр л би уурлахдаа удаан байх ёстой. Хүү минь чи минь хэзээ нэгэн цагт яг аав шигээ нөхцөл байдалд орвол уурлахдаа удаан байгтун. Дотроо стоп гэж хэлээд уурлахаасаа урьтаж бодоорой. Чиний хамгийн хайртай хүмүүсийн нэг бяцхан алдаа хийжээ. 2500Төгрөгний үнэтэй тарагийг шалан дээр мэлийтэл асгачихжээ. Таг нь гүйцэд таглагдаагүй байсан тул санамсаргүй тэр асгачихлаа. Юунд нь ингэж ууралдаг байнаа. Санамсаргүй байдалд нь уу? Аль эсвэл эмээгийнх нь хүч хөдөлмөр гаргаж олсон 2500төгрөгөнд нь болоод уу? Аль эсвэл асгасан тарагийг цэвэрлэх ёстой болж байгаад уу? Мэдэхгүй ээ би яагаад юунаас болоод аймшигтай муухайгаар уурлаж мангас шиг харцаар чамайг харж загнаж, орилсоныгоо огт мэдэхгүй байна. Би ууртай хүн биш хонь шиг дөлгөөн хүн. Би өвчтэй хүн. Энэ магадгүй миний өвчнөөс болж байгаа юм болов уу. Олон хүмүүс цаг хугацааг ухарааж болдогсон бол хэсэгхээн хугацааг ухраагаад маш алдаатай шийдвэрүүдээ, буруу хийсэн зүйлсээ, тооцоолж чадаагүй үйлдэлээ засах байсан байх. Яг үүн шиг надад хэд хэдэн засах зүйлс байгаа ч энэ хэзээ ч боломжгүй зүйл юм. Энэ бол дэмий хоосон зүйл. Шинэхэн авсан машины гялалзсан лакан дээр нь атверткаар "Ааваа би чамд хайртай!" гэсэн бичигийг биш машин дээр зурж байхыг хараад гарыг нь хугартал нь цохиод үхэхээс наагуур харамссан аав шиг байхыг би хүсэхгүй байна. Энэ бол тэнэглэл. Би ууртай, орилоо, тэнэг аав байхыг огт хүсэхгүй байна. Гэвч яагаад би ууралдаг байнаа? Хэрэв ээ хүүхдүүд нь ямар ч буруу зүйл хийхгүй, орилолдож гүйхгүй, бие биетэйгээ тоглоомоо булаацалдахгүй, ааваа хамт тоглоё л доо гэж гуйхгүй, аавынхаа үгнээс огт гарахгүй, маш томоотой байгаал, ямар өрнөл, ямар ч асуудалгүй байгаад л байвал яах байсан болоо. Хэрэв тийм байсан энэ гэр бүл биш байсан байх. Жижиг ч бай том ч бай ямар ч асуудал гэр бүлд байхгүй бол яах байсан бэ? Энэ асуудал гэдэг зүйл гэр бүлд байжээж гэр бүл байдаг байх, тийм үү? Асуудалгүй гэр бүл гэж байхгүй байх аа...

         Аав нь засарнаа. Аав нь сайн аав болох болноо миний хүү. Магадгүй би чамайг дүүтэй учираас чи бол том агаа гэж хэлээд чамайгаа их томоор төсөөлж бодоод байгаа байх. Чи минь дөрөвхөн настай шүү дээ. Аав нь үнэхээр буруу зүйл хийж байсанаа ойлголоо. Аавыгаа уучлаарай! Би чинь чамдаа маш их хайртай шүү дээ. Чи минь миний бахархал шүү!















No comments: