Охиныхоо төрсөн өдрөөр нь 4 Seasons Америк барааны дэлгүүрээс Америк витамин авч өглөө. Цэцэрлэгээс нь өнөөдөр Пали 2хүүхдийг минь авсан юм. Тэгээд орой ээж нь Хүсэлээ агаагийнх шүдийг эмчлүүлэхээр эмнэлэг рүү аваад явсан болохоор Үжин бүсгүй намайг машинаа тавьчаад ороход мэлмэртлээ уйлсаар угтлаа. Наана цаана тонгочиж элдэв зүйлсээр оролдож, аавынхаа тайвшруулалтанд уйлахаа больж санаа нь амарсаар давралтын горимд шилжив. Тэд их даврамтгай. Анхаарах тоолонд, нэхсэн болгонд нь хариулах тоолонд, уйлахад нь аргадах тоолонд давшин довтлох давралтыг бид яагаад ч зогсоож дийлэхгүй бололтой. Энэ бол хүүхдийн хүмүүжилтэй холбоотой том асуудал. Бид заримдаа тэвчээр алдагдаж бухимдан уурлах үе бишгүйдээ л гардаг. Харин өнөөдөр бид 2 их өөр байхыг хичээлээ.Би хоолоо хийх зуур түүнийг өөр өрөөнд юу хийж байгаа бол гэж бодоод ортол тэр Barbie-тай тавилга, сав суулгаараа тоглож байлаа. Удалгүй орж ирээд: "Ааваа би ус ууъя" гэхээр ус аяганд хийж өгтөл тэр бага байна гэж голлоо. Дахин нэмэхэд бага байна гэхээр нь ахиад л хийж өглөө. Би түүнийг зөвхөн ус уух биш өөр зүйлд бас усаа ашиглах гэж байгааг мэдсэн ч хүссэнээр усыг нь өгөөд явууллаа. Удалгүй тэр над дээр ирээд: "Ааваа миний цамц норчихсон" гэхэд нь, "Яагаад? Хэн норгочихов?" гэхэд, "Цамц өөрөө норчихсон" гэж хошуугаа унжуулахад нь, би түүнийг Barbie-ны аяга тавагны комондоо ус хийж тоглож байхдаа цамцаа норгосныг нь мэдэж байсан ч гэсэн, "Аан за яадаг цамц вэ!" л гээд өнгөрлөө.
Тэр надад: "Ааваа надаа гоё юм өгөөч дээ" гээд л хэлээд л байлаа. Аав нь гэртээ орж ирэхдээ уут С витамин авчираад өгснийгөө сая санаж: "Аавынхаа авчирсан витаминыг аваад ир аав нь задлаад өгье" гэхэд тэр ягаан аяга авчирч өгсөнд гайхаж аяга руу харахад, дотор нь витамины бяцхан цагаан голнууд усанд уусч хайлмагтсан байв. "Чи арай бүх витаминээ нэг дор идчихсэн юм биш биз дээ?" гэж асуухад, тэр юу ч хариулаагүй. Хэсэг байж байснаа: "Ааваа надаа аймар гоё юм өгөөч дээ" гэхэд нь, "Би чамд аймар гоё юу өгөх билээ дээ?" гэсэн миний ёжтой асуултанд тэр түгдрэн ээрч мууран байж, "Ааан, аан нөгөө юу, нөгөө печенье өгөөч дээ" гэлээ. "Аав нь охиндоо удахгүй болох хоолоо идсэний чинь дараа гоё юм өгье за" гэхэд тэр, "Үгүй ээ, одоо өг л дөө" л гээд байлаа. Аав нь зальтай царай гаргаад нүдээ том жижиг болгоод л, "Нааш ир дээ, би чамд америк витамин өгье" хэмээн гарт нь хайрцагтай нь бариулаад усан эмнүүдийг нь өглөө. Өнгө өнгө алагласан, резинэн гэж янзын, ядаж байхад жимсний үнэр ханхалсан тэр сайхан амьтдыг авлаж авах гэж буй үнэг мэт, тогооноос гаргаж буй шинэхэн чанасан Дундговийн намрын хонины дал дөрвөн өндөр мэт түүнд харагдаж, дэлхийг захирах гэж шунан зурсан газрын зурагаа харж буй Гитлерын нүд шиг харцаар хуруун чинээ Америк витаминуудыг бүгдийг нь өөрийн болгож аз жаргалын дээдийг эдлэх завшаан энэ яваа насанд нь ахиж хэзээ ч олдохгүй мэт шуналын харцаар аль хэдийнээ гартаа талыг нь, ходоодондоо талыг нь хийгээд авлаа. Хамгийн сүүлд нь аль өнгөтэйг нь авахыг түүнээс асууж, нүдний хар цагаан 2 нь тасралтгүй үргэлжлэх өнгө өнгийн чихэр болон хувирсан байсныг буцаатал, гулжиганах бие, унжийх уруул, зангирах хөмсөг, янгинах аяз, өрвийх үс (3мм) зэрэг нь атгаастай байсан Америк витаминыг чадахаараа улам чанга атгаж, дахин эдлэхээргүй энэ сайхан боломжийг ухаалаг бус аргаар хурдхан эдлэх атгаг санаа өвөрлөсөн өлөн чоно мэт, сагсан дотор хэвтэж буй 10 туулай руу дайрах ичих булчирхайгүй түүний дүрийг генидээ 13-н үеэрээ өв залгамжлан ирсэн буурал боохой мэт төрх агуулан чичирнэ. Энэ бол аймшигтай. Эрхийн балай, бэрхийн далай мэт. Уран зохиолын хэтрүүлгийн аргыг хэрэглэж байгаа нь охин минь чамайг хүүхдүүдээ сайн хүмүүжүүлээсэй гэсэндээ юм шүү. Сайн хүмүүжүүлэхгүй бол ийм аймшигтай байдаг юм шүү гэж сануулах гээд л хаха.
Би уурлаагүй, гомдоогүй, загнаагүй, өөдөөс нь чичрээгүй, чичирхийлээгүй харин аргадсан. Аав нь хөөрхий дахиад л нүд амаа жижиг том болгож эргэлдүүлээд л түүнд: "Өдөрт нэг л удаа уудаг юм шүү дээ" гэж тайлбарлах гэж оролдоод аль өнгөтэйг нь авах вэ, гэтэл улааныг нь гэлээ. Бусдыг нь далд хийхээр босоход, "Ааваа би өөрөө авчихая, надаа өгөөч дээ" гэлээ. "За яахав чи сайн хадгалаарай" гэж хэлээд тагыг нь сайтар таглаад өглөө. Баяр хөөрийн мишээл тодруулан том өрөө рүү дэгдэн дэгдэн, дээр дээр үсрэн үсрэн алга болоход аав нь дотроо, "Онгойлгохыг нь харнаа" гэж хэлэв. Удалгүй охины гонгинох чимээ чихийг минь өөртөө татна. "Онгойхгүй байна шдээ" гэсэн 3хан үгийг 16 үг хэлж байгаа мэт, уртын дууны дугуйлангийн онц сурлагатан мэт гонгиноно. Латин Америк бүжгийн хэдэн хөдөлгөөн сурах гэж оролдовч эвсэлгүй данжаад шиг гулжиган хөдөлж 100саяын өрөө нэхэж буй хужаа шиг аашлан над руу дайрна. Нэг харахад ярвайсан зоомби шиг. (Хаа хаа за ахиж эрхлээд байвал чинь энэнээс аймраар бичнэ шүү, яг үнэнээр нь хи хи). Дайрсаар, давшилсаар, довтолсоор намайг дахиж нэг ширхэг өөр өнгийн витамин түүнээр сонгуулахад хүргэлээ. Тэр ногооныг сонгосон. Би харин дайнд ялагдлын ногоон тугаа мандуулсаар хийж буй хоолоо амталахаар явлаа.
Шидэт дагинаа нисгэе гэж хэлээд хөргөгчин дээр витаминаа үлдээчээд түүний анхаарлыг агаарт нисэж буй гайхал руу төвлөрүүлэхэд харцны 100% нь нисэж буй шидэт дагина дээр, анхаарлын 75,8% нь харин Америк амьтан дээр, амталгааны 100%-ийн сэтгэл ханамжаар дахин мэдрэх хүслийг анхаарлын өндөр хувьтайгаар бадрааж өөрөө нисгэгчийг шалан дээр унагалаа. Шидэт дагины сайхан бие хаа, хөл гар, далавч, бэлхүүсээрээ эргэлдэн нисэхийг нь хүртэл магтан сайшааж, хэн бэлэглэснийг нь хүртэл лавлан сануулж анхаарлыг булзайруулахад цасан дотроос хулгана олж идэх үнэг мэт сачий гаргалаа. Тэрхэн зуур үсний шинэ хусалтын тухай яриа охин бид 2-ын дунд өрнөж АМЕРИК бүтээгдэхүүнийг 5мин өөрсдөөсөө холдууллаа.
Үргэлжлэл бий...
No comments:
Post a Comment