Monday, October 6, 2014

Хаалга хэн нээх вэ?

         Ажилдаа явчаад орой ажилаасаа яаран гүйж гэртээ ирээд хаалгаа тогштол хаалганы цаанаас "Хэн бэ?" гэх дуу хоолой манай хаалгнаас лав гардаггүй юм. "Би онгойлгоноо, үгүй ээ би өөрөө онгойлгоно" гэсэн чимээ л гардаг. Өнөөдөр би ажилаасаа жаахан орой тарсан болохоор Палбигомбо дүү маань 2 хүүхдийг албанаас нь авсан байлаа. Дэлгүүр орж талх, илэгний нухаш, үрсийн маань амтархан идэх дуртай коровка печенье, миний гэр бүл нэртэй соруултай жүүс авчаад "Би онгойлно шүү дээ" гэсэн шулганалдах чимээг сонсохоор яаран яаран гүйж ирээд хаалгаа тогштол   "Би би, би өөрөө онгойлгоно шүү, Үгүй би өөрөө" гэцгээсээр хаалга нэг онгойход, UBS телевизийн To be or Not to be шоу нэвтрүүлгийн "Инээсэн", "Уйлсан" гэдэг шиг 2 өөр төрлийн маск угтна. Энэ удаад Үжин инээж, Хүсэлээ уйлсан байв. За би хаалгаар буцаж гараад ахиж нэгэнтээ хаалгаа тогшиж уйлсан нэг маскыг инээлгэнэ. Гэхдээ өнөөдөр Үжин мөчөөгөө өгөөгүй гэх нь ч хаашаа юм өгсөн гэхэд ч хаашаа юм надаар дахин хаалга тогшууллаа. Хэдий би ажил ихтэй, ядарч стресстсэн ч хамаагүй та 2-ыгоо инээлгэхийн тулд хэдэн ч удаа хаалга тогшиход аав нь бэлхэн байна. Хаалгаар яаран гүйж орж ирэх аавыгаа хараад магнай дээрхи зөөлөн арьснууд нь тэнийхээрээ нэг болж хайрт үрс минь Чингис хааныг дайнд ялаад ирсийм шиг бөөн баяр болж угтан авнаа. Чингис хаан харин аян дайныхаа олзыг хувааж байгаа юм шиг л авсан юмнуудаа тарааж өгнө дөө. Амьдралдаа хэзээ ч үзэж байгаагүй үүтэн хуар дурданг анх харж байгаам шиг авсан юмсаа хараад хөөрөн баярлалдаж эцгийн сэтгэлд аз жаргал бэлэглэнэ. Хүүхэд ёстой хөөрхөн. Заримдаа мөнгөгүй үе таараад байгаа мөнгөөрөө витамин С авч өгөхөд хүртэл хачин их баярлана гээч. Энэнээс илүү урам гэж хаа ч байхгүй. Авсан печенийхээ 2-ыг нь өгч 2-ыг нь харуулалгүй нууж байгаад маргааш цэцэрлэгт нь ороход нь өгнө гээд хамт байсан уутнаас нь гаргах гэж оролдож байхад гярхай нүдээр харсан хүү ёжтой гэгч нь WHAT ARE YOU DOING MAN? гэдэг байгаа. ХАХА NOTHING MAN. За үдшийн хэмнэл нэг иймэрхүү эхэлнэ. 

         Хачин сайхан ааштай болцгоож, бод идсэн боохой шиг алсаас аавынхаа гэр орноо цэвэрлэн тонгочихыг хараад ааваа: "Би чамд хайртай юм чинь чи энэ печений цаасыг хаячаач" гэж Үжин хэлэв. Надад түүнийг яасан их сэргэлэн ухаан гаргасныг нь гайхан гайхан "ЗА" л гэхээс өөр үг төрсөнгүй, миний хүүхдүүд идсэн уусныхаа дараа хогоо цэвэрлэж сураарай за юу, гэхэд бас "ЗА" л гэцгээдэг. 

           Өнөөдөр харин гэр гийсэн гэргий маань найзынхаа төрсөн өдрийн Партийд очихоор явсан. Би эхнэр лүүгээ над руу залгатал нь ярихгүй гэж бодож байгаа. Найзуудтайгаа хамт цагийг сайхан өнгөрүүлээд ирэх байх. Бид 3 харин үхрийн махтай хурган бантан бантагнаж сууна. Багшаа энэ манай хүүхдийг сайн хооллоорой гэж хоол хийж байсан надад BUGS BUNNY-г үлдээж явахынгаа өмнө, миний хүү хоолоо сайн идээрэй, сайн сууж байгаарай, ээж нь ажилдаа явлаа шүү, багшийнаа үгэнд сайн ороорой гэж хэлээд том өрөө рүү явлаа. Эргэж орж ирээд минй хүүхдийн хөнжил нь энэ байна мартсан байна май багшаа, өө нээрээ май энэ бас хүүхдийн төлбөр байна май, гэчээд явдаг юм байна. Би ч өдөр бүр энэ хүүхдүүдийн өсөж том болох, хэрхэн хурдан бас маш сайнаар суралцаж, хэрхэн хөгжиж байгааг хүүхдүүдээрээ дамжуулж харахдаа хүн төрөлхтнийг гайхан бишрэх юм. Маш хурдан хөгжиж байна, хурдан суралцаж, бас маш хурдан шинэчлэгдэж байгаа энэ эрин үед бид амьдарч байна хүүхдүүд минь. Удахгүй та нарын минь эрин үе тун удахгүй ирэх болно. Бурхан хүнийг гайхалтай бүтээжээ, төгс бүтээж, маш сайн ажиллаж.

          За бантан бэлэн боллоо хүүхдүүдээ явж хоолоо идэцгээе.



No comments: