Wednesday, May 27, 2015

Төгсөлтийн баяр

         Жил бүрийн 5-р сарын сүүлээр цэцэрлэг нь төгсөлтийн баяр хийж ээж аав нар нь очиж үздэг нэг ёсны багш хүүхдүүдэд өнгөрч буй жилд юу зааж сургасан талаар урлагийн тайлан тавьдаг юм. Хүү маань замын цагдаа болж ангийн найзуудтайгаа дуу дууллаа. Аав нь камергүй утас барьж байсан, Айпадаа Санчир найзынхаа машинд орхиод яармаг явуулчихсан болохоор хүүгийнхээ дуу дуулж байх үед нь бичлэг хийье гэж бодоод тоглоомын талбай дээр байсан залууг гуйгаад бичлэг зураг авхууллаа. Охин маань харин эрвээхэй болоод Эргэлдэнхэн нисээрэй эрвээхэй эрвээхэй, наадан наадан бүжээрэй гэдэг дуу дуулах болоод Хархорин зах орж 3500Төгрөгөөр эрвээхэйний далавч, эвэр, дохиур авч өглөө. 2 өөр өдөр болсон учираас аав ээж 2 нь ажилаа зохицуулаад аав нь хүүгийнхээ, ээж нь охиныхоо концертонд очсон юм. Сэтгэл хангалуун сайхан байсан. Ээж нь өчигдөр хамт үзье гэхэд нь аав нь ажил ихтэй амжсангүй шүү. Гэхдээ бичлэг үзсэн хөөрхөн байна лээ миний охин бас гоё дуулж байна лээ.

         1994-1995 оны шинэ жилийн баяраар аав нь цэцэрлэгт байхдаа алиалагч болж байснаа тод санаж байна. Ээж аав 2 минь савхиар куртик дээл моо хийж зардаг байсан үе. Хачин сайхан хувцас хийж өгч намайг хэн ч харсан алиалагч байна гэж шууд хэлэхээр шар хувцас өмсөөд ватум цаасаар хийсэн боловч яг л жинхэнэ гэмээр 2 нүдний дуран, эрээн алаг малгай зэргийг урамтайгаар өмсөж алиалан тоглолтоо хийж байх яг л тэр үед хүүхдүүд инээлдэн шоолж байхыг харсан 7 настай хүүгийн сэтгэлд үлдсэн дурсамж өнөөдөр хүүхэдтэй болоод мэдэрч байгаа аавын сэтгэлд аав ээж маань тэр үед ямар их баярлаж байсан болоо гэж бодохоор сэтгэл хөдлөм байна. Аав маань үсэглэлийн баяраар надад Ё үсэгтэй малгай хийж өгч билээ. Аав маань ямар нэгэн баяр ёслолоор дандаа л надад өөрийнхөө гараар урлан хийсэн хувцас хунар баг маскийг өмсөгдөг байлаа. Уран бүтээлч гэр бүлд өссөн үран бүтээлч хүү өнөөдөр бас хүүдээ гэрлэн дохио хийж өгч гэр бүл хүүхдүүдээ баярлууллаа. Амьдралын амттай сайхан мөчүүд өдөр өдрөөр урсан одож нэг л мэдэхэд хүү маань эцэг болж хүүтэйгээ тоглох, хүүдээ маск хийж өгөх тэр л үе хэзээ нэгэн цагт ирэх болно. Миний хүү сайн аав болоорой, миний охин сайн ээж байгаарай. хэхэ 

       Төгсөлтийн баяр хүүхдүүдийн маань цэцэрлэгт ёслол төгөлдөр сайхан боллоо.       





No comments: