Өргөст хэмх улаан лоолийг монголчууд огурцы помидороор нь хэлээд заншсан билээ. Огорцы Бомбоор гэж охин маань хэлэхэд хүү маань бүүр ч муу хэлж байна. Бид хэд улаан лооль өргөст хэмх үрслүүлээд анхныхаа навчсыг хараад бөөн баяр болцгоож, Ааваа тэрийг хардаа улам том ургаж байна, улам бүр өндөр болж байна гэхийг нь сонсоод урам орж Огоо эмээ өвөөгийнх нь амьдардаг Өлзийт хороололд аваачиж хүлэмжинд тарих итгэл улам бүр нэмэгдмэн юм.
Намайг жаахан байхад аав ээж 2 минь Орос руу наймаа их хийдэг байсан болохоор хөрш улсаас гоё гоё юм их авчрахын хажуугаар орос эмээ өвөө 2-оосоо хүнсний ногоо тарих эрдмийг суралцаж ирээд СХД-ийн 21-р хорооны Ар гүнтэд төмс хүнсний ногоо тарьсан жил би 2-3р ангийн л хүүхэд байсан санагдаж байна. Миний санаж байгаагаар төмс, манжин, лууван, сонгино, байцаа, цэцэгт байцаа, хүрэн манжин, вандуй, чинжүү, огурцы, помидор, баклажана буюу хаш, шигуа зэргийг тарьж тээр жил арвин их ургац хураан авч бусад хүмүүс манайхыг зорин ирж хүнсний ногоо худалдаж авдаг байснаас гадна туршлага судлахаар дэвшил трейдийнхэн хүртэл ирдэг байсан юм. Төмс тарих үеэр оюутан залуусыг дайчлан зуны хөдөлмөр зуслан хийж ногоогоо хураах үед найз нөхөд ах дүү нараа дуудан хөдөлмөрийн үр шимийг амтлахын дээдийг тэр л үед би мэдэрсэн юм. 20*30метрийн хэмжээтэй том хүлэмж бариад өргөст хэмхийг тарихад гарын алганаас 5-6 дахин том навчис саглайж урган, хүний өндөрөөс өндөр гүн ногоон өнгөтэй мод аятай бутлаг ургамал ургаж, өглөө оройдоо 20-20л ус ууж 3 хоногтоо л гэхэд нэг бутнаас 10кг өргөст хэмх хурааж авдаг байсан үе өчигдөр мэт санагдана. Аав ээжийн минь хийсэн хөдөлмөр талаар өнгөрөөгүй юм. Би энэ зүйлийг нүдээрээ харахдаа Бурхан хөдөлмөрч гарыг шагнанаа гэдэг үг санаанд минь бууж хүнсний ногоо тарихтай холбоотой зүйл ярианд минь орж ирэх үед хэн ч байсан хамаагүй бахархалтайгаар ёстой л нэг нүдэнд нь харагдтал нь ярьж өгнө дөө. Миний жаахан байсан тэр үед 20литрийн савтай усыг арай хийн дааж ядан өглөөний нар уулын цаанаас гарч ирэхээс өмнө ажилсаг хэдэн ах нартайгаа уралдан усалдагсан. Оройн нар уулын цаагуур ормогц дахин 20л усаар бут болгоныг ундаалдаг байж билээ. Өргөст хэмхийн үрсэлгээ зардаг хүмүүсээс үрсэлгээ худалдаж авч байсан тэр өдрийг би сайн санаж байна. Модон хайрцаганд үрслүүлсэн 1000 гаруй үрсэлгээг худалдаж аваад өөрсдөө барьсан саруулхан хүлэмжиндээ, энхрийлж бэлдсэн хонины бууцаар амталсан зөөлөн хөрсөнд суулгахад үрсэлгээнүүд 7-8см өндөртэй байсан болохоор хүлэмжин дотор хэн байгааг тодхон хардаг байлаа. Харин сар гаруйхан хугацааны дараа цагаахан, саруулхан хүлэмж битүү ногоон болж хэнийг ч олж харахааргүй болсон байв. Бид нуугдаж тоголдог байсанаар барахгүй ширэнгэн ойд юмаа гээвэл олдохооргүй тийм л гайхалтай гэмээр ургуулж тарьж чадсан аавын минь хөдөлмөрийг хүмүүс ирээд харах бүртээ гайхан шагширдаг байв. Ногоон хүлэмж тун удалгүй шар ирээн болж анхныхаа хэмхүүдийг өгч эхэлж байхад томроогүй байхад нь хулгайгаар тасалж идээд загнуулдаг байж билээ. Харин сүүлдээ өргөст хэмхийг идэхдээ 1,5см зузаан хальсалж зөвхөн голын зөөлөн амттай хэсгээс 2 хазаад л хаячихдаг ч үе байлаа. Зарим бутнуудын навч дэндүү том болж ургаад доор нь ургасан байсан хэмхийг харалгүй хураахгүй явсаар байгаад хулуу шиг томорсон аварга хэмхнүүд ч хүмүүсийг гайхшруулдаг байлаа. Ойр хавийн хүүхдүүд орж харая л даа хэмх идье л дээ гэж их гуйдагсан. Нууцаар үзүүлж гоё юм үзүүлсэн баатар болж, хэмх идүүлснийхээ хариуд бүүр эрэлхэг баатар болно гээч. Сүүлдээ хурааж дийлэхгүй болтолоо ургасан юм. Хураасан ч борлуулж дийлэхгүй болтлоо ургасан юм. Баянзүрх хүнсний зах дээр 2 даавуун торонд хэмхнүүдээ хийгээд 1кг-ийг нь 100 төгрөгөөр зарчаад баярлаж байсанаа би их тод санадаг юм. Сүүлдээ зарагдахгүй болохоор нь улаан манжингаар өнгө оруулаад хэмхний варенье хийсэн чинь яг л нэрс идэж байгаа мэт байдагсан. 200литрийн Поошигонд огурцыг дараад өвөл гаргаж ирээд идэхэд хачин сайхан амттай байдаг байлаа. Ээжийн минь дарсан маринадны уусмалтай хэмхнүүд бүүр тасархай амттай байдаг байсныг та төсөөлөх ч үгүй байна. Жинхэнэ орос бабушкагийн хийж дарсан шиг л байдаг байлаа. Тарьсан хүнсний ногоонуудаараа амттай сайхан хоол, салат, амттан зэргийг хийж хавийн эзэгтэй нартай жор юмаа хуваалцаж гаднаас дарсан огурцы, дунайский салат худалдаж авч үзээгүй дээ.
Өвөө эмээгийнх нь гайхшрал төрүүлэм энэ түүхийг би удахгүй та 2-тоо ярьж өгнөө. Үрс минь хүн яг зориод түүнийхээ төлөө зүтгэвэл биелэгдэшгүй зорилго, бүтэшгүй санаа, боломжгүй зүйл гэж ҮГҮЙ билээ.
Жижигхээн, чигчий хурууны хэмжээтэй адил бяцхан хэмх ургасан ч надад хамаагүй ээ, та 2тоо хөдөлмөрийн үр шим гэж юу болох, ногоо хэрхэн ургаж бие болдог, Үр гэж юу болохыг л ойлгуулах зорилготой юм шүү. Өргөст хэмх Ургахгүй байсан ч хамаагүй ээ, та 2 минь харин маш сайн Ургаж маш сайн боожиж байгаа болохоор сайн хүн болно гэдэгт би бат итгэлтэй байдаг.