Saturday, December 6, 2014

Охины минь 3-н насны Төрсөн Өдрийн Баяр

        Гурван нас хүрч байгаа эмэгтэй хүн (Хүүхэд) олон хүнээс олон олон бэлэг авахаараа яасан их баярладагийг Тэнгис найзынхаа охин Маргадынхаа төрсөн өдрийн баяраар нь хараад охиныхоо төрсөн өдрөөр нь  хүн бүр өөр өөрсдөө тус тусынхаа бэлгийг бэлдэж өгье гэж шийдээд 5-н нас хүрсэн ч хүрээгүй байгаа агаагаар нь хүртэл бэлэг сонгууллаа. Тэр маш их баяртай бйасан. Бэлэгээр дүүрэн гэртэй болсон. Хэ хэ. Бараг сүүлийн 3-н сарын турш "Ааваа ээжээ удахгүй миний төрсөн өдөр болно тэ?" гэж ярьсаар  12-р сарын 04-ний өдөр сая нэг тохиож магнай тэнийн баярлах энэ сайхан мөчид эжий аав 2-оос нь илүүтэйгээр эмээ өвөө нар нь баярлан догдлох юм. 

         Ангийнх нь найз нарыг баярлуулахаар торт, жүүс, печенье аваад ээж аав 2 нь ангид нь очоод бүтэн цагийг хамтдаа өнгөрөөлөө. Дөнгөж сэрсэн нойрмог жаалууд, ихэнх нь 2 нас гарантангууд тортонд хамаг анхаарал нь явж шүлэг уншиж дуу дуулах 2хон хүүхэд л байв. Ангийнхаа найз нартайгаа торт хувааж идэх, тэднээр алга ташуулан баярын мэндчилгээ авах зэрэг нь түүний хувьд нэгэн шинэ Сюрприз байсан юм. Ангид нь агааг нь дуудаж авчраад хамтад нь байлгалаа. Тэр маш сэтгэл хангалуун байсан. Цэцэрлэг дээрхи үйл ажиллагаа дуусаад явахаар болж хувцсаа өмсөж байх зуураа ээж хүү 2 хоорондоо Үжинд өгөх бэлэгнийх нь тухай шивэр авир хийж байхдаа надад ам алдав. Хэ хэ. Гэтэл Хүсэлээ аавынхаа чихэнд дахин шивнэснээ дахин чангаар бөгж гэж төрсөн өдөртөнд ам алдахад сонсоогүй дүр исгэн жуумалзах түүний төрх надад  эртний болж байсан явдал шиг санагдлаа.

         Гэртээ ирцгээж гялс гэр орноо цэвэрлэж янзлаад салат хоолнуудаа хийцгээж зочдоо угтаж авцгаана. Эхний зочид нь ирээд тусалцгаана. Гэрлээ унтраалаа шүү, лаагаа үлээх болоогүй юм уу даа? гээд л дахин дахин асууна. Хүмүүс нэг хоёроороо нэмэгдсээр олуулаа болж лаагаа үлээхээр болж гэрлээ унтраалаа. Охины минь догдлох зүрх хурдан хурдан цохилсоор төрсөн өдрийн дуу эгшиглүүлэхэд бүүр догдолсоор мойл хар нүд нь лааны гэрэлт гялтаганана. Агаа нь дүүгээ хажуунаас нь: "Чи өөрөө дуулахгүй, харин нүдээ аниад хүслээ бодооч" гэж хэлэхэд нь булбарайхан 2 гарынхаа алгыг хооронд нь хавсарч хүслээ шивнэн лаагаа гурвантаа үлээж унтраалаа. Гурван насны ойгоороо үзсэн харсан нь багагүй ч, сурсан мэдсэн нь чамалахаар ч юм шиг...За за балайраад ямар оюутан охины тухай бичиж байгаа бишдээ, сурсан мэдсэн ч гэг шиг, үзсэн харсан ч гэг шиг.

         Тэгээд хүмүүс бэлэгээ өгцгөөж охиныг минь баярлуулна. Бэлэгнүүдээ цуглуулаад эхнээс нь задална. Бэлэгнүүдийн дундаас хамгийн онцгой нь нисдэг *н и  с  д   э    г* өөрөө нисдэг дагина байлаа. Огоогийнх нь өгсөн нисдэг дагиныг хүн бүр гайхан алмайрч, нисээд дээшлэх бүрт нь хүн болгон инээлдэж баярлан хөөрөлдөж нутгийн бөх нь улсад түрүүлж байгаа мэт сэтгэгдэл төрүүллээ. Би нисгэе, би нисгэе гэж найз нарын хүүхдүүд булаацалдаж бүгд л шохойрхно. Мэдрэмжтэй эмээ Огоогийнх нь өгсөн бэлэг хүүхэд насанд минь намайг буцаагаад аваачих шиг л боллоо. Тээр нэг жил удирдлагаар ажилладаг танк, дүүд минь харин яг ийм гүнж гэхдээ суурин дээрээ эргэлддэгийг оросоос аав ээж 2 минь авчираад баяр баярын оргил цэгт хүргэж бараг л шөнө тэвэрч хонодог, шөнө болж унтахдаа дургүй хүрч, хурдан маргааш болоосой, танкаараа тоглохыг л тэсэн ядан хүлээдэг байсан тэр л мөчүүд тэрхэн зуур нүдний өмнүүр 256Х хурдаар зурагтны хальс гүйлгээд өнгөрөх шиг боллоо. Эмээ өвөө 2-ынх нь өгсөн LEGO-г ээж Үжин 2 нэг баг, Хүсэлээ бид 2 нэг баг болоод уралдаж эвлүүлэхэд Ээж охин 2-ын баг түрүүлэв. Аав хүү 2 нь за яахав төрсөн өдөр нь болж байгаа юм чинь энэ удаад албаар удаан эвлүүлсэн нь тэр. Бид 4 орой 12 цаг хүртэл тоглов. Хүсэлээ дүүдээ өгөх бөгжөө эмээ өвөө 2-оороо авчруулаад бэлэгээ өгөх үедээ өвдөг дээрээ сөхөрч өгөхийг хэн ч төсөөлөөгүй байсан юм. Нэр хийтэл инээлдэж хайртай бүсгүйгээ гуйж байгаа мэт бэлэгэхийм гэж санасангүй. Хайртай л юм чинь яадгийм ухааны юм яриад явлаа. Эгдүүтэй гэдэг нь энэ л байх даа.

        Үеийн найзуудыг нь аав нь цуглуулж нэг ширээнд тойруулан суулгаад баримлын шавраар бүтээл хийж тоглоцгоов. Энэ хооронд ээж нь Bestie нартайгаа шинэ жилээ хэрхэн тэмдэглэхээ ярилдаад амжлаа. Агаарын цаасан салют буудуулж бүх хоол унд, салат тортоо гялгар саагаар бүрснийг эс тооцвол хайрын минь хийсэн хоолны амттайг нь яана. Орой унтсаныг ч хэлэх үү, Үжин маргааш өглөө нь Төрсөн өдрийн Пянгаа дийлэхгүй гэдэг шиг, гэж ээж нь шоолно. Тэр босох байтугай сэрээчгүй хаха. Хувцсыг нь унтаагаар нь өмсүүлж, унтаагаар нь цэцэрлэгт нь хүргэж өглөө. Дурсамжтай энэ өдөр бол охины минь Гурван насны төрсөн өдрийн баяр юм. 

         Чи минь энэ хорвоод мэндлээд 3-н жилийг ардаа орхижээ. Хүн болох гэж яваа амьтан юм шүү дээ гэж бодохоор жижигхээн хөөрхөн юм үзэгдээд өрөвдөөд байх юм. Гэвч хааяаадаа хүнтэй хамт бугын мах идэж буй Бөртэ Чоно мэт араатны дүр төрхийг харахлээр өрөвдмөөргүй ч юм шиг. Заа заа тоголсын. Чи минь юу гэж араатан шиг байхав дээ. Гуа Марал минь, Нандин-Эрдэнэ минь чи минь биднийхээ Гүнжхэн минь шүү дээ. 

         Алдрай бяцхан үр минь, өхөөрдөм энхрий чи минь эрдэм номтой сайн хүн болоорой, урт насалж удаан жаргаарай!

















Америк Витамин

          Охиныхоо төрсөн өдрөөр нь 4 Seasons Америк барааны дэлгүүрээс Америк витамин авч өглөө.  Цэцэрлэгээс нь өнөөдөр Пали 2хүүхдийг минь авсан юм. Тэгээд орой ээж нь Хүсэлээ агаагийнх шүдийг эмчлүүлэхээр эмнэлэг рүү аваад явсан болохоор Үжин бүсгүй намайг машинаа тавьчаад ороход мэлмэртлээ уйлсаар угтлаа. Наана цаана тонгочиж элдэв зүйлсээр оролдож, аавынхаа тайвшруулалтанд уйлахаа больж санаа нь амарсаар давралтын горимд шилжив. Тэд их даврамтгай. Анхаарах тоолонд, нэхсэн болгонд нь хариулах тоолонд, уйлахад нь аргадах тоолонд давшин довтлох давралтыг бид яагаад ч зогсоож дийлэхгүй бололтой. Энэ бол хүүхдийн хүмүүжилтэй холбоотой том асуудал. Бид заримдаа тэвчээр алдагдаж бухимдан уурлах үе бишгүйдээ л гардаг. Харин өнөөдөр бид 2 их өөр байхыг хичээлээ.Би хоолоо хийх зуур түүнийг өөр өрөөнд юу хийж байгаа бол гэж бодоод ортол тэр Barbie-тай тавилга, сав суулгаараа тоглож байлаа. Удалгүй орж ирээд: "Ааваа би ус ууъя" гэхээр ус аяганд хийж өгтөл тэр бага байна гэж голлоо. Дахин нэмэхэд бага байна гэхээр нь ахиад л хийж өглөө. Би түүнийг зөвхөн ус уух биш өөр зүйлд бас усаа ашиглах гэж байгааг мэдсэн ч хүссэнээр усыг нь өгөөд явууллаа. Удалгүй тэр над дээр ирээд: "Ааваа миний цамц норчихсон" гэхэд нь, "Яагаад? Хэн норгочихов?" гэхэд, "Цамц өөрөө норчихсон" гэж хошуугаа унжуулахад нь, би түүнийг Barbie-ны аяга тавагны комондоо ус хийж тоглож байхдаа цамцаа норгосныг нь мэдэж байсан ч гэсэн, "Аан за яадаг цамц вэ!" л гээд өнгөрлөө.

          Тэр надад: "Ааваа надаа гоё юм өгөөч дээ" гээд л хэлээд л байлаа. Аав нь гэртээ орж ирэхдээ уут С витамин авчираад өгснийгөө сая санаж: "Аавынхаа авчирсан витаминыг аваад ир аав нь задлаад өгье" гэхэд тэр ягаан аяга авчирч өгсөнд гайхаж аяга руу харахад, дотор нь витамины бяцхан цагаан голнууд усанд уусч хайлмагтсан байв. "Чи арай бүх витаминээ нэг дор идчихсэн юм биш биз дээ?" гэж асуухад, тэр юу ч хариулаагүй. Хэсэг байж байснаа: "Ааваа надаа аймар гоё юм өгөөч дээ" гэхэд нь, "Би чамд аймар гоё юу өгөх билээ дээ?" гэсэн миний ёжтой асуултанд тэр түгдрэн ээрч мууран байж, "Ааан, аан нөгөө юу, нөгөө печенье өгөөч дээ" гэлээ. "Аав нь охиндоо удахгүй болох хоолоо идсэний чинь дараа гоё юм өгье за" гэхэд тэр, "Үгүй ээ, одоо өг л дөө" л гээд байлаа. Аав нь зальтай царай гаргаад нүдээ том жижиг болгоод л, "Нааш ир дээ, би чамд америк витамин өгье" хэмээн гарт нь хайрцагтай нь бариулаад усан эмнүүдийг нь өглөө. Өнгө өнгө алагласан, резинэн гэж янзын, ядаж байхад жимсний үнэр ханхалсан тэр сайхан амьтдыг авлаж авах гэж буй үнэг мэт, тогооноос гаргаж буй шинэхэн чанасан Дундговийн намрын хонины дал дөрвөн өндөр мэт түүнд харагдаж, дэлхийг захирах гэж шунан зурсан газрын зурагаа харж буй Гитлерын нүд шиг харцаар хуруун чинээ Америк витаминуудыг бүгдийг нь өөрийн болгож аз жаргалын дээдийг эдлэх завшаан энэ яваа насанд нь ахиж хэзээ ч олдохгүй мэт шуналын харцаар аль хэдийнээ гартаа талыг нь, ходоодондоо талыг нь хийгээд авлаа. Хамгийн сүүлд нь аль өнгөтэйг нь авахыг түүнээс асууж, нүдний хар цагаан 2 нь тасралтгүй үргэлжлэх өнгө өнгийн чихэр болон хувирсан байсныг буцаатал, гулжиганах бие, унжийх уруул, зангирах хөмсөг, янгинах аяз, өрвийх үс (3мм) зэрэг нь атгаастай байсан Америк витаминыг чадахаараа улам чанга атгаж, дахин эдлэхээргүй энэ сайхан боломжийг ухаалаг бус аргаар хурдхан эдлэх атгаг санаа өвөрлөсөн өлөн чоно  мэт, сагсан дотор хэвтэж буй 10 туулай руу дайрах ичих булчирхайгүй түүний дүрийг  генидээ 13-н үеэрээ  өв залгамжлан ирсэн буурал боохой мэт төрх агуулан чичирнэ. Энэ бол аймшигтай. Эрхийн балай, бэрхийн далай мэт. Уран зохиолын хэтрүүлгийн аргыг хэрэглэж байгаа нь охин минь чамайг хүүхдүүдээ сайн хүмүүжүүлээсэй гэсэндээ юм шүү. Сайн хүмүүжүүлэхгүй бол ийм аймшигтай байдаг юм шүү гэж сануулах гээд л хаха. 

          Би уурлаагүй, гомдоогүй, загнаагүй, өөдөөс нь чичрээгүй, чичирхийлээгүй харин аргадсан. Аав нь хөөрхий дахиад л нүд амаа жижиг том болгож эргэлдүүлээд л түүнд: "Өдөрт нэг л удаа уудаг юм шүү дээ" гэж тайлбарлах гэж оролдоод аль өнгөтэйг нь авах вэ, гэтэл улааныг нь гэлээ. Бусдыг нь далд хийхээр босоход, "Ааваа би өөрөө авчихая, надаа өгөөч дээ" гэлээ. "За яахав чи сайн хадгалаарай" гэж хэлээд тагыг нь сайтар таглаад өглөө. Баяр хөөрийн мишээл тодруулан том өрөө рүү дэгдэн дэгдэн, дээр дээр үсрэн үсрэн алга болоход аав нь дотроо, "Онгойлгохыг нь харнаа" гэж хэлэв. Удалгүй охины гонгинох чимээ чихийг минь өөртөө татна. "Онгойхгүй байна шдээ" гэсэн 3хан үгийг 16 үг хэлж байгаа мэт, уртын дууны дугуйлангийн онц сурлагатан мэт гонгиноно. Латин Америк бүжгийн хэдэн хөдөлгөөн сурах гэж оролдовч эвсэлгүй данжаад шиг гулжиган хөдөлж 100саяын өрөө нэхэж буй хужаа шиг аашлан над руу дайрна. Нэг харахад ярвайсан зоомби шиг. (Хаа хаа за ахиж эрхлээд байвал чинь энэнээс аймраар бичнэ шүү, яг үнэнээр нь хи хи). Дайрсаар, давшилсаар, довтолсоор намайг дахиж нэг ширхэг өөр өнгийн витамин түүнээр сонгуулахад хүргэлээ. Тэр ногооныг сонгосон. Би харин дайнд ялагдлын ногоон тугаа мандуулсаар хийж буй хоолоо амталахаар явлаа. 

         Шидэт дагинаа нисгэе гэж хэлээд хөргөгчин дээр витаминаа үлдээчээд түүний анхаарлыг агаарт нисэж буй гайхал руу төвлөрүүлэхэд харцны 100% нь нисэж буй шидэт дагина дээр, анхаарлын 75,8% нь харин Америк амьтан дээр, амталгааны 100%-ийн сэтгэл ханамжаар дахин мэдрэх хүслийг анхаарлын өндөр хувьтайгаар бадрааж өөрөө нисгэгчийг шалан дээр унагалаа. Шидэт дагины сайхан бие хаа, хөл гар, далавч, бэлхүүсээрээ эргэлдэн нисэхийг нь хүртэл магтан сайшааж, хэн бэлэглэснийг нь хүртэл лавлан сануулж анхаарлыг булзайруулахад цасан дотроос  хулгана олж идэх үнэг мэт сачий гаргалаа. Тэрхэн зуур үсний шинэ хусалтын тухай яриа охин бид 2-ын дунд өрнөж АМЕРИК бүтээгдэхүүнийг 5мин өөрсдөөсөө холдууллаа.

       Үргэлжлэл бий...