Хоорондоо юм булаацалдчаад агаадаа гарнаасаа базуулчаад охин над дээр ирээд: "Ааваа Өнөхүсэл намайг базсан" гэхэд нь, "Битгий хов зөөгөөд бай"гэж хэлээ. Тэр дахиад "Ааваа Өнөхүсэл намайг базсан" гэхэд нь, ахиад нөгөөхөө хэллээ. Агаа дээрээ очоод би чамайд аавдаа хэлчихсэн юм чинь гэхэд нь агаа нь инээснээ тэгээд юу гэж байна гэж асуухад нь охин маань юу ч мэдэхгүй, "Битгий хов зөөгөөд бай"гэж байна шүү за юу гэж хэлээд миний элэгийг хөштөл инээлгэлээ ха ха ха.
Monday, October 6, 2014
Хаалга хэн нээх вэ?
Ажилдаа явчаад орой ажилаасаа яаран гүйж гэртээ ирээд хаалгаа тогштол хаалганы цаанаас "Хэн бэ?" гэх дуу хоолой манай хаалгнаас лав гардаггүй юм. "Би онгойлгоноо, үгүй ээ би өөрөө онгойлгоно" гэсэн чимээ л гардаг. Өнөөдөр би ажилаасаа жаахан орой тарсан болохоор Палбигомбо дүү маань 2 хүүхдийг албанаас нь авсан байлаа. Дэлгүүр орж талх, илэгний нухаш, үрсийн маань амтархан идэх дуртай коровка печенье, миний гэр бүл нэртэй соруултай жүүс авчаад "Би онгойлно шүү дээ" гэсэн шулганалдах чимээг сонсохоор яаран яаран гүйж ирээд хаалгаа тогштол "Би би, би өөрөө онгойлгоно шүү, Үгүй би өөрөө" гэцгээсээр хаалга нэг онгойход, UBS телевизийн To be or Not to be шоу нэвтрүүлгийн "Инээсэн", "Уйлсан" гэдэг шиг 2 өөр төрлийн маск угтна. Энэ удаад Үжин инээж, Хүсэлээ уйлсан байв. За би хаалгаар буцаж гараад ахиж нэгэнтээ хаалгаа тогшиж уйлсан нэг маскыг инээлгэнэ. Гэхдээ өнөөдөр Үжин мөчөөгөө өгөөгүй гэх нь ч хаашаа юм өгсөн гэхэд ч хаашаа юм надаар дахин хаалга тогшууллаа. Хэдий би ажил ихтэй, ядарч стресстсэн ч хамаагүй та 2-ыгоо инээлгэхийн тулд хэдэн ч удаа хаалга тогшиход аав нь бэлхэн байна. Хаалгаар яаран гүйж орж ирэх аавыгаа хараад магнай дээрхи зөөлөн арьснууд нь тэнийхээрээ нэг болж хайрт үрс минь Чингис хааныг дайнд ялаад ирсийм шиг бөөн баяр болж угтан авнаа. Чингис хаан харин аян дайныхаа олзыг хувааж байгаа юм шиг л авсан юмнуудаа тарааж өгнө дөө. Амьдралдаа хэзээ ч үзэж байгаагүй үүтэн хуар дурданг анх харж байгаам шиг авсан юмсаа хараад хөөрөн баярлалдаж эцгийн сэтгэлд аз жаргал бэлэглэнэ. Хүүхэд ёстой хөөрхөн. Заримдаа мөнгөгүй үе таараад байгаа мөнгөөрөө витамин С авч өгөхөд хүртэл хачин их баярлана гээч. Энэнээс илүү урам гэж хаа ч байхгүй. Авсан печенийхээ 2-ыг нь өгч 2-ыг нь харуулалгүй нууж байгаад маргааш цэцэрлэгт нь ороход нь өгнө гээд хамт байсан уутнаас нь гаргах гэж оролдож байхад гярхай нүдээр харсан хүү ёжтой гэгч нь WHAT ARE YOU DOING MAN? гэдэг байгаа. ХАХА NOTHING MAN. За үдшийн хэмнэл нэг иймэрхүү эхэлнэ.
Хачин сайхан ааштай болцгоож, бод идсэн боохой шиг алсаас аавынхаа гэр орноо цэвэрлэн тонгочихыг хараад ааваа: "Би чамд хайртай юм чинь чи энэ печений цаасыг хаячаач" гэж Үжин хэлэв. Надад түүнийг яасан их сэргэлэн ухаан гаргасныг нь гайхан гайхан "ЗА" л гэхээс өөр үг төрсөнгүй, миний хүүхдүүд идсэн уусныхаа дараа хогоо цэвэрлэж сураарай за юу, гэхэд бас "ЗА" л гэцгээдэг.
Өнөөдөр харин гэр гийсэн гэргий маань найзынхаа төрсөн өдрийн Партийд очихоор явсан. Би эхнэр лүүгээ над руу залгатал нь ярихгүй гэж бодож байгаа. Найзуудтайгаа хамт цагийг сайхан өнгөрүүлээд ирэх байх. Бид 3 харин үхрийн махтай хурган бантан бантагнаж сууна. Багшаа энэ манай хүүхдийг сайн хооллоорой гэж хоол хийж байсан надад BUGS BUNNY-г үлдээж явахынгаа өмнө, миний хүү хоолоо сайн идээрэй, сайн сууж байгаарай, ээж нь ажилдаа явлаа шүү, багшийнаа үгэнд сайн ороорой гэж хэлээд том өрөө рүү явлаа. Эргэж орж ирээд минй хүүхдийн хөнжил нь энэ байна мартсан байна май багшаа, өө нээрээ май энэ бас хүүхдийн төлбөр байна май, гэчээд явдаг юм байна. Би ч өдөр бүр энэ хүүхдүүдийн өсөж том болох, хэрхэн хурдан бас маш сайнаар суралцаж, хэрхэн хөгжиж байгааг хүүхдүүдээрээ дамжуулж харахдаа хүн төрөлхтнийг гайхан бишрэх юм. Маш хурдан хөгжиж байна, хурдан суралцаж, бас маш хурдан шинэчлэгдэж байгаа энэ эрин үед бид амьдарч байна хүүхдүүд минь. Удахгүй та нарын минь эрин үе тун удахгүй ирэх болно. Бурхан хүнийг гайхалтай бүтээжээ, төгс бүтээж, маш сайн ажиллаж.
За бантан бэлэн боллоо хүүхдүүдээ явж хоолоо идэцгээе.
Thursday, October 2, 2014
Цэцэрлэгийн тухай
Цэцэрлэгийн барилга угсралтын ажлууд зогсонги байдалд орсон. Сангийн яаманд энэ жил төсвийн мөнгө тавигдаагүй манай барилга царцсан байгаа. Цэцэрлэг барих гэж байгаа нэрийдлээр 12 давхар орон сууцны барилга барих гэж байгаа юм даа муусайн юмнууд, энд ингэж тийм өндөр барилга бариулж цонхоо хаалгахгүй шүү...
Хүний төлөвшлийн 90% нь 0-4 насны хооронд байдаг. Хүүхдүүд ээж аав эргэн тойрныхоо хүмүүсийн гаргаж буй үйлдэл, зан авир, зуршил, үг яриа, алхаа гишгээ, сэтгэл хөдлөл, хэрүүл маргаан гээд бүхий л зүйлийг толины тусгал мэт ХУУЛБАРЛАЖ байдаг. Нийгмийн амьтан, нийгмийг бүрдүүлж бий болгож байгаа ХҮН төлөвшлийнхөө насандаа өөрт ноогдсон АЛБАНДАА (Цэцэрлэг, ясли) явахгүй бол сайн нийгэмшиж чадахгүй. Өдөржингөө аавтайгаа хамт ТАКСИнд явдаг хүүхэд ч байна. Өдөржингөө ээжийнхээ ажил дээр өнждөг хүүхэд ч байна. Өдөржингөө аавтайгаа хамт хог түүдэг хүүхэд ч байна. Яагаад? Яагаад хүн амынхаа өсөлтийг нэмэгдүүлье, гавъяат эхчүүдээ одонгоор шагнаад, хүүхдийн мөнгө тараагаад байгаа хэрнээ цэцэрлэгүүдээ хурдан хурдан бариад олон олон хүүхдүүд цэцэрлэггүй байхад чинь санаа тавихгүй байна вэ? Хувийн цэцэрлэгүүд байнаа. 9сарын 1-ээс 5-р сарын 15-н хүртэл 8000$-ын төлбөртэй цэцэрлэг ч байх юм. Төлбөрөө нэмэхгүй бол нарантуул зах дээр бандааш зардаг хүний хүүхэд манай хүүхэдтэй хамт нэг ангид яваад байна, тиймээс танайх төлбөрөө нэм гэж гаргах эцэг эхийн гомдол ч байх юм. Улсын цэцэрлэгүүдийн багш нарын заах арга барил энэ тэр хувийн цэцэрлэгийнхтэй харьцуулахад юугаар ч дутахгүй. Гагцхүү орчин өөр, өнгөлөг сайхан тоглоомууд эрээн мираан өнгө алагласан барилга байна. Нийгмийн анги давхаргын ялгаа, баян ядуугийн хоорондын алгасал, эцэг эхчүүдийн хүүхдүүддээ үзүүлж таниулж буй нөлөөлөл хүүхдүүдээр нь дамжиж харагдана. Өөр өөр амьдралтай, өөр өөр ааш зантай айлын өөр өөр хүүхдүүд цэцэрлэгт явцгааж НИЙГЭМШИЖ байна. Хүүхэд Цэцэрлэгт заавал явах ёстой. Хүүхэд аав ээжтэйгээ мөнхөд амьдрахгүй, ямар ч үед, ямар ч байдалд биеэ авч явах чадвар, ХҮНИЙГ ТАНИХ, сайн муугийн ялгааг мэдэх, юмны наанатай цаанатайг ойлгох гээд Нийгэмшлийг хүүхэд цэцэрлэгээсээ олж авч эндээс л суралцна.
Хэний хүүхэдтэй хамт нэг ангид суралцуулахгүй байхыг сургалтынх нь төлбөрийг нэмээд шийдчихдэг асуудлыг би л хувьдаа НИЙГМИЙН МАШ БУРУУ эсвэл НИЙГМИЙН ДОГОЛДЛЫН нэг байна гэж ойлгож байна. Олон эцэг эхчүүд хүүхдүүддээ үүрэг хариуцлагыг заахын оронд ЭРХ ЯМБЫГ, амьдралын ухааныг харуулахын оронд хэрхэн эрхлэхийг, эрдэм номд шамдан суралцахыг бус эдээр биеэ чимэхийг өөрсдөө үлгэрлэх нь харамсалтай юм.Мөнгөөр бүх зүйлийг шийдвэрлэнэ гэж боддог, мөнгийг БООСОО болгосон хүмүүсийн ааш аягаас гарах араншин, зуршил үйлдлийг хүүхэд хараад суралцах бус хүний амьдралд ийм хүмүүс таардаг юм шүү гэдгийг эртнээс мэдэх нь зүйтэй. НАРАНТУУЛ зах дээр зарагдаж байгаа хамгийн үнэтэй БАНДААШЫГ 15,000₮-өөр авдаг гэж бодъё. Гэхдээ ИХ ДЭЛГҮҮРТ 35,000₮, хорооллын 1000нэрийн барааны дэлгүүрт 27,000₮ -өөр зарагддаг гэдэг шиг ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫГ айл айлын хүүхдүүд өөр өөр үнээр худалдаж авах юм. Сургуулийн өмнөх насны БОЛОВСРОЛЫГ харин хамгийн чухал гэдгийг хүн бүр мэдээсэй, хүн бүр ухамсарлаасай, хүн бүр анхаарал хандуулаасай. Улс эх орныг цааш авч явах бяцхан үрсийн төлөвшил нь энд л БҮРЭЛДЭНЭ. Монголын ирээдүй шууд холбоотой энэхэн хугацаанд яг одооноос анхаарах ёстой.
Миний хүүхдүүд оюунлаг, ухамсартай, амьдралын ухаантай, төлөвшсөн, нийгэмд нөлөөлөхүйц сайн хүмүүс болохын тулд мөн ерөнхий боловсрол цаашлаад дээд боловсрол эзэмшихэд суурь нь хөрсөндөө сайн тавигдах учиртай. Тиймээс миний эрдэнэүүд минь сайн суралцаарай, багш нартайгаа сайн харилцаатай байгаарай, мэдэхгүй чадахгүй зүйлсээ багшаасаа маш сайн асууж байгарай, мэдлэгийг мэдэх хүртэлээ шургуу хөдөлмөрлөөрэй, ангийнхаа найзуудтайгаа сайн тоглоорой, сайн амарч байгаарай, хоолоо сайн идэж байгаарай, сайн унтаж байгаарай, хүний сайнтай нөхөрлөж, хүний мууд нь зааж сургаж байгаарай, сайн нөхөр байгаарай, хүн шиг хүн байгаарай.
Сангийн яаманд цэцэрлэгийн барилгуудын төсөвууд бүгд батлагдсан, тиймээс яаралтай шаардлагатай байгаа цэцэрлэгүүдийг хурдан ашиглалтанд оруулж хүүхдүүдийг ЦЭЦЭРЛЭГТ НЬ АЛБАНД НЬ ЯВУУЛ!!!
Цэцэрлэгээ солив
Хүү охин 2 маань БИЛГҮҮН-УНДАРГА гэдэг нэртэй хувийн цэцэрлэгт яваад 2жил болж байна. Анх улсын цэцэрлэгт өгөх гэтэл орон тоо нь гүйцчихсэн учираас аваагүй бас эргэн тойрны найз нөхдийн хүүхдүүд энэ тэр хүчтэй өвдөж бариад байхаар нь гэртэйгээ ойрхон цөөн хүүхэдтэй, хоол сайн энэ тэр гээд энэ цэцэрлэгтээ үнэхээр дасчихжээ бүгдээрээ. Яг энэ өдрүүдэд Монгол улсыг маань Эдийн Засгийн хямрал бүрхээд байгаа билээ. Гадны хөрөнгө оруулалтууд зогсож, Оюу Толгой зогсож, гадны уул уурхайн компаниуд модоо барьж, орон сууцны борлуулалт буурч, автобусны зорчих тасалбар 500₮, өргөн хэрэглээний барааны үнэ өсч нүүрсээ БНХАУ руу гуйж гуйж арай гэж нэг юм тал үнээрээ өгөхөөр тохиролцож өрөндөө өгсөөр, САМУРАЙ, ЧИНГИС зэрэг боондуудын эргэн төлөлт нэхэгдэж, Монгол улсын иргэн бүр 6500USD-ын өртэй болоод байгаа энэ үед хүмүүс Чингисий талбайд хүртэл жагсаал эхлүүлж байхад манай гэр бүл та 2-ыгоо яалтчгүй улсын цэцэрлэгт өгөхөөр шийдлээ. Анхнаасаа та 2т одоо хүүхдүүл минь өөр шинэ цэцэрлэгт явахаар болсон шүү, одоо та 2 минь ардын хүүхдүүдтэй хамт ардын цэцэрлэгт явна гэсэн чинь юун ард мард юм бол доо гэж мэдэхгүй учираас за ааваа л гээд баяртай нэг л гоё юманд явах гэж байгаа аятай бодоцгоож эртнээс сэтгэл санааг зассан билээ. Хамгийн сүүлийн өдөр нь цэцэрлэгт явах бүрд нэг нэгээр нь өгдөг ХАРИБО резинэн чихэрийг ууттай нь өгөөд ангийнхандаа сүүлчийн өдөр гэдэгээ хэлээд чихэрнээсээ өгөөрэй бас салах ёс гүйцэтгээрэй гэж хэлээд орууллаа. Орой ээж нь цэцэрлэгээс нь авахад нь багш нар нь гаргаж өгсөн байна. Манай ганц авъяастныг аваад явчлаа даа гэж харамсана.
Ааваа манай шинэ цэцэрлэгт Мөнх-Оргил байдгийм уу гэж охин минь асуухад бид нар савж унаталаа инээлээ. 2нас 9 сартай охины минь шохоорхдог бас нэг 2 настай хархүү. Дассан байсан найз нөхөд, ангийн хайртай багш нараас нь салгаад өөр цэцэрлэгт явуулах гэж байгаадаа аав ээж 2 нь үнэхээр их харамсаж байлаа ч санасныг бодоход улсын цэцэрлэг 2 үрд маань таалагдаж байгаад маш их баяртай байна. Ааваа манай цэцэрлэг гоё байгаа шүү гэцгээлээ. Өнөө өглөө аав ээж 2 хүүхдүүдээ хамт хүргэж өгөөд багш нарын баяр болж байгаа болохоор багш нарт нь найруулж уудаг солонгос цай, UK-ээс оруулж ирсэн даашинзны бүс тэргүүтнийг бэлэг болгон барингаа, хичээлийн хэрэгсэл, ариун цэврийг хэрэгслүүдийн цуглуулгыг аваачиж өглөө. Багш нарын баяр болж байгаа учираас өнөөдөр өдөр 12-13цагын хооронд тарахаар нь өвөө нь авахаар тохирсон байгаа. Удахгүй 3 нас хүрэх охиныг маань заавал оноороо болдог юмаа хүү минь гэсээр байгаад захирал нь нялзрай 2 настангуудын ангид оруулчихлаа. Дунд ангиуд нь дүүрсэн байгаа гэнээ. Охиноо ангид нь оруулах тэр л үед ямар сэтгэл хангалуун байдаг гээч. Ишиг хурганууд майлалдан байх үед "Ааваа сайн яваарай, орой намайг заавал аваарай, орой уулзая, болгоомжтой яваарай, хайртай шүү, тэврэе, үнсье" гээд үнсээд хүзүүгээр нэг тас тэвэрчээд аавынхаа өгөх ганц чихэрийг бариад гүйгээд орно. Харин бид 2ын энэ үйлдлийг зарим эцэг эхчүүд атаарханхан, өхөөрдөнхөн харцаар харан зогсоно. Охиноо яаж ийж байгаад дунд ангид оруулчихмаар л байгаа юм даа. Эсвэл агаагийнх нь ангид оруулахгүй бол ишиг хургануудтай хамт байсаар бүтэн 1жил гарангийн хугацаанд цаг хугацааг арагш ухраах гээд байгаа юм шиг санагдаад огт болохгүй юм. 7:30 цагаас цэцэрлэг нь нээгдэж ангидаа орцгооно. Харин өнөөдөр багш нь 12мин хоцорч ирлээ. Тэр хооронд охинтойгоо хамт ярилцаж байх зуураа асуулаа, хүүе танай ангийн нөгөө хөөрхөн банди чинь хэн билээ гэсэн чинь мартчихаж хаха. Баахан нэрнүүд хэлсэн чинь мэдэхгүй ээ ааваа би мартсан байна гэлээ. Ээжээс нь утсаар асуухад Мөнх-Оргил гэж байна шдээ гэсэн чинь нээрээ тийн шдээ гэдэг байгаа. Ээдээ энэ хүүхдүүд үү! хэхэ
Охин маань БАНАНы зураг авлаа, Хүсэлээ минь ЛИЙРний зураг авлаа. Охин харин ангидаа орохдоо миний шкаф амттай бананы зурагтай гээд л дасан зохицох, хөрвөх чадвар сайтайд нь баярлаж л байлаа. Гэргий хайрт хань бид 2-ын ажил орой 5:20с наашгүй учир 4:30цагаас ГҮРСОРОНЗОНПАЛБИЙГОМБОПҮРЭВДОРЖОТГОН-ЭРДЭНЭ буюу Паалий агаа нь авч байгаа. Ардын хүүхдүүдтэй хамт ардын цэцэрлэгт явж эхэлж буй 2 үрс минь нэг иймэрхүү эхлэлтэй байна.
Subscribe to:
Posts (Atom)