Wednesday, June 18, 2014

Өмдөндөө баасан байна

Өнө-Үжин өнөөдөр цэцэрлэг дээрээ баасан байна. Шатаар өгсөөд цэцэрлэгийнхээ дээвэр дээр нь гарч байгаад өмдөндөө баасан байна.
Орой ажилаа тараад очоод авах гэтэл тэр өмсөх хувцасгүй унтлагынхаа хувцастай байлаа.
Бид 3 гадуур наймаа хийж яваа ээжийгээ хүлээнгээ  цэцэрлэгийн хажуу талын дэлгүүр орж бамбарууштай печень ундаа аваад хүүхдийн тоглоомын талбай орж гулсуур дээр гулгалаа.

1-р хорооллын арын цэцэрлэгт явдаг байлаа. Энэ өдрүүдэд миний хайр нь та нарын ээж БОШИНЗ нэртэй платьены онлайн дэлгүүр нээж гадуур наймаа хийдэг боллоо. Мэдээж ажлынхаа хажуугаар шүү хүүхдүүд минь. Энэ жилдээ багтаагаад 50 платьетай болох гэсэн түүний мөрөөдөл нь найз нөхөд эргэн тойрныхоо хүмүүст чанартай, өнгө үзэмж, загвар сайтай брэндийн бүтээгдэхүүнүүдийг  үйлдвэрийн үнээр АНУ, Англи зэрэг улсуудаас онлайнаар захиалан авчирч нийлүүлэх нь бяцхан бизнесс болон хувирсанд хоббигоороо ирээдүйд өөрийн дэлгүүртэй болох бүүр цаашлаад MALL-той болох сайхан боломж нээгдэж байна.  

Түүний хобби надад таалагддаг. Харин охины минь өмдөндөө баасан үйлдэл надад таалагдаагүй шүү хэхэ. 

Sunday, June 8, 2014

Уйланхай хүүхдийг яах вэ?

            Агаа нь байнга уйлах юм. Хэн нэгэнээс ямар нэг зүйл гүйхдаа ч юм уу, нүүр гарын угааж байхад цамц нь нороход ч юм уу, тайлбар тавихдаа ч юм уу уйлагнаж ярих юм. Битгий уйлагнаж яриад бай, дүү чинь зүгээр ярьж байхад чи ах нь байж уйлаад байх юмаа. Гоншгонох гэж ээж нь нэрлээд байгаа. 
            Ааваа би хүүхэлдэйн кино үзье, гэхэд нь: "Үгүй ээ миний хүү" гэхэд л ийн ийн ийн би үзмээр байна ийн ийн ийн л гэнэ шүү. Пали түүнийг шоолно. хэхэ
Шилжилтийн насны бага зэргийн синдром маягийн юм болов уу даа л гэж бодох юм. Аавын хүү ахиж битгий уйлж яриарай, аав нь чамайгаа үргэлж дэмжиж чиний ард зогсож байх болно. Миний хүү өөртөө итгэлтэй байгаарай.

Saturday, June 7, 2014

Хүүхдүүддээ бичсэн захиа

               Аав нь тийм ч сайн хүн байгаагүй ээ. Тийм муу ч хүн биш. Миний амьдралд тохиолдсон сайхан дурсамж бүрийг санахдаа баярлаж, муу муухай бүхнийг  санахад сэтгэл өөвдөх үе ч байх юм. Сэтгэлийн өвчнөөс биеийн өвчин нь хавьгүй дээр байдаг юм байна. Сэтгэл санаагаа битгий өвтгөөрэй хүүхдүүд минь. Аав нь үнэхээр тэсэж чадалгүй уураллаа. Намайг үнэхээр уучлаарай. Би та 3ыгаа айлгая гэж бодоогүй юм шүү. Араатан шиг л байсан байх. Задгай мөнгө цууглуудаг керамик гахай, флоридагийн алигаторын жинхэнэ толгой, усан буу, хатаж хорчийсон зүрх, эвдэрч хэмхэрсэн сэтгэлийг бетонон хананд савж хагаллаа, устгалаа. Нүдний кадрт бичигдсэн хором бүр агшин зуурын үйлдэл бүхэн тархи болоод зүрх сэтгэлд гүн шингэж бичигдсэн сайхан дурсамжууд, муухай кадрууд гэж ангилагдана. Зүрхээн цэвэр байлгаж сэтгэлээн чилээхгүйн утгыг аав нь ойлголгүй явжээ. 30 нас хүрэхийн урьдхан ухаараагүй л явж. 48 эсвэл 67 нас хүрэхээрээ аль эсвэл үхэхийнхээ өмнөхөн мэдэхийн болов уу. Энэ ертөнцөд эгэл нэгэн болж ирсэн аавд нь онцгой зүйл үгүй ээ, бусаадтай л адил баяр хөөр, зовлон гуниг, гомдол, хайр халамжийг амасна. Би өчүүхэн нэгэн, хэн ч биш, хэнд ч хэрэггүй амьтан боловч та нартаа хэрэгтэй юм болов уу? Гэж хааяа бодохлоороо амьд явах ёстойгоо мэдэх юм. Аав минь архичин байсан, тэр хулгайч дээрэмчин байсан аль эсвэл алуурчин байсан гэж биш аав маань миний төлөө хүүхдийнхээ төлөө өөр замыг сонгосон юм гэдгийг мэдээсэй, гэсэндээ би өнөөдөр зөв шийдвэр гаргах ёстойгоо мэдэх гэж оролдож сууна. Итгэлийн гал бадарч сэтгэлийн гүн дэх эдгэршгүй шархыг хувирашгүй хайрын дөлөөр шатаалаа. Хайр бол хамгийн агуу нь гэгддэг. Тиймээ хайр бол хамгийн агуу нь. Хайр үгүй бол би ч тэр ч чи минь ч үгүй билээ. Хайр байгаа болохоор бид хамтдаа байж, хамт хооллож хамт унтаж, хамт шүдээн угаадаг билээ. Хүү минь би чамдаа хайртай болохоороо чамайг зэмэлдэг юм шүү, хайртай болохоороо чамд ухааруулахыг оролддог юм шүү, хайртай болохоороо би чиний төлөө санаа тавьдаг юм шүү. Мөн хайртай болохоороо өөрийгөө өөрчлөхөөр шийдлээ. Амьдралынхаа өнгөрсөн цагт бүү харамс үр минь, ирээдүйнхээ төлөө бод, сэтгэ, чамайг минь гэрэлт ирээдүй сайн сайхан бүхэн чамтай минь хамт түүх бичилцэхээр хүлээж байгаа чи минь сайхан амьдрах ёстой нэгэн шүү. Өнөөдөр чиний минь гэдэс өвдөж бөөлжөөд намайг сандаргалаа. Ааваа чиний авч өгсөн жүүсийг уугаад би бөөлжчихлөө, надад ахиж битгий ахиж жүүс авч өгөөрэй. 
                  Ааваа агаа яагаад бөөлжөөд байгаа юм бол? Зурагт их үзэж компьютерээр их тоголоод бөөлжиж байгаа юм, та 2цагаа багасгах ёсстой шүү. Чамдаа зориулж, чинийхээ төлөө би өөрийгөө өөрчлөхийг хичээе дээ. Хэзээ ч ахиж сэрэлгүйгээр нам унтаад өгөх юмсан гэж бодсон өчүүхэн бодол минь та 3-ын минь намайг тэврээд та ахиж хаашаа ч битгий хол яваарай, би таныгаа ямар их санаваа, би чамд хайртай гэж хэлэх үгэнд гишгигдэж надад эрч хүч урам зориг амьдрах итгэл өглөө. Тэр урам зориг итгэлийн дөлөөр та 3-ынхаа төлөө эцсээ хүртэл тэмцэх болноо. Би дахин төрсөн юм шиг, дахин хүмүүжигдэж байгаа балчир 1 настан шиг өөрчлөлтийн гараанд гарахад бэлэн боллоо. Бариа намайг хүлээж байгаа, шүүгч нь миний амьдрал байх болно. Үзэгч нь харин би өөрөө ч байх болно. Чи ямар хүн юм, хаана төрсөн юм, хаашаа ингэтлээ яараав дээ, юундаа яарна вэ, даарваа, өлсөх вий, сайн бод үр минь. Бие биеээ хайрлаж яваарай, хэзээ ч бүү шантар, хэзээ ч битгий гутар, хэзээ ч битгий гуниглаарай, маргааш үхэх юм шиг амьдар! Бусдын алдааг уучил, боломж олго, алдсан нэгнийг харанхуй нүх рүү бүү түлх, эцсийн эцэст хайр л бүгдийг даван туулах болно, хайр л бүгдийг өөрчлөх учиртай. Ээжийнхээ хүмүүжилд анхаарлаа хандуулж зааж сургаж буй бүхнийг сайтар ухаарч ойлго, түүнийг үхэн үхтэлээн хайрлах ёстой. Ээж чинь үгүй бол чи байхгүй байх байсан. Тэр л чамайг төрүүлж тэр л чамайг хүмүүжүүлж, тэр л чамайг хүн болгосон, тэр л чамайг хэнийг ч урьд нь хайрлаж байгаагүй аугаа их хайраар чамайг хайралсан юм. Тиймээс ээжийгээ хором мөч бүрт хүндэлж хайрлаж яваарай үрс минь. Эцгийн сургааль зүрхэнд эм, сэтгэлд тан, эхийн сургааль эрдэнэ тул чихэндээ чимэг сэтгэлдээ шивээс болгон хадгалагтун. Бурхан биднийг зөвшөөрсөн учир бид нэгэн гэр бүл нэгэн бие билээ хайрт минь. Чамайгаа гомдоож байсанд минь уучлаарай! Зөвхөн чиний палдаахай.






Friday, June 6, 2014

чоно тарвага

Өнөхүсэл дүүтэйгээ хамт 25р байрны тоглоомын талбайд ирэхдээ гулсуураар гулгах гэдэг ганцхан зорилготой ирдэг байлаа. Олон янзын шатаар нэжгээд талаас нь авирч хэдэн янзаар гулганаа. Харин өнөөдөр түүний зорилго өөр болжээ. Нэг харсан чинь сүрхий зүйл болсон бололтой айхтар чангаар:
"Ааваа ааваа" гэж ориллоо. Түмэн хүүхдийн дундаас би түүнийг олж харахад түнтийтлээ улаасан царайнд нь түгшүүрийн дохио асаалттай "түүнийг надаас холдуулаач" хэмээн айдас дүүргэсэн харцаар намайг чиглэн ирэхэд:
өхөөрдсөн бололтой түүнийг, нэгэн охин араас нь нэхэн гүйж ирэв.
"Ааваа намайг аваарай, тэр намайг барих гээд байна шүү!" хэмээн хэлэхэд нь аав нь түүниййг танихгүй царай гаргаж өөр тийшээ харав. Хаха. Шохоорхлын харцаар түүнээс нүд салгалгүй ширтэх дөлгөөхөн харцтай, үсээ орой дээрээ боосон, сэргэлэн байрын шар годгор охин:
"Хоёуулаа хөөцөлдье л дөө" гэлээ. Урьд өмнө нь хэзээ ч ийм зүйлээр тоглож үзээгүй залуу айх гайхах хоёрын дунд алмайран зогсож байхыг харсан дүү нь түүн дээр ирээд:
"Агаа тоглоё л доо" гэжээ. Сэргэлэн шар охин түүний нуруун дээр нь аажуухан гар хүрж баригдсан гэж хэлээд гүйгээд явахдаа, "намайг бариарай" гэж өдөөд явлаа. Ичингүйрэн, алмайранхан байсан хүү гулгахаар явлаа. Гэтэл замаас нь гэнэт эм чоно гарч ирээд тэр эр туулайг барихаар түүнийг сандаргав. Сандарч нэлээд хэдэн саадыг даван зугтсаар баригдав. Хэсэг хугацаа өнгөрөөв. Эр туулай чоно болон хувирч эм чоныг хөөж гарлаа. Хөөцөөлдөн тоглоод дүү аав 2ыгоо тэр мартав бололтой. Дүү нь хамт тоглож байгаа юм шиг өөрийгөө бодон араас нь гүйнэ. Айж явсан алмасаа авлахаар араас нь хөөнө. Гэнэт зогсон дүүгийнх нь гараас хөтлөн дагуулан яваа харагдана. Ах нь таалагдаж дүүд нь сайн хандаж байгаа юм шиг. Хаха. Нэлээд удаан хөөцөлдөж байтал эгч нь ирж шар охиныг авч явахад явахгүй дургүйцнэ. Бүүр явсаных нь дараа ааваа маргааш ирэхдээ найзтайгаа  тоголно тээ гэлээ.